ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль нь “ЭМИЙН УРГАМЛЫН СУДАЛГАА” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж байна. Тус хуралд КOICA, KOPIA, Монос, ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн, Монголын үндэсний шинжлэх ухааны академи, Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн, Монхимо, Байгалийн эмийн сан ХХК, Хонгорговь ТББ, ШУТИС, Биотехнологи судалгаа хөгжлийн төвийн холбогдох албан тушаалтан, судлаач, мэргэжилтнүүд оролцож байна.
Орчин үед хүмүүс химийн гаралтай эм, бэлдмэлээс зайлсхийж, байгалийн гаралтай экологийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх болсон. Өдгөө манай улсад хэрэглэж буй эм, бэлдмэлийн 72 хувийг ургамлын, 28 хувийг амьтны болоод эрдсийн гаралтай түүхий эдээс гарган авдаг гэсэн судалгаа бий. Энэ нь ургамлын гаралтай бүтээгдэхүүн анагаах ухаанд хэр зэрэг чухал болохыг илтгэх баримт юм. Ийм хэрэгцээ, шаардлагын улмаас өнөөдрийн ЭШ-ний бага хурлыг зохион байгуулж, судлаачид, салбарын мэргэжилтэнгүүд эмийн, ашигт ургамлын талаар мэдээлэл солилцож, эмийн ургамлын хэрэглээ, түүний хэтийн чиг хандлагын талаар хэлэлцэж байна.