Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, МУ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, БНХАУ-ын Боловсролын яам хоорондын Монгол- Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх төслийн дагуу 2018 оны хичээлийн жилд нийт 258 иргэнийг бакалавр, магистрантур, докторантурын сургалтад суралцуулна.
НЭГ. Тавигдах шаардлага
1. БНХАУ-ын харъяат иргэн биш байх;
2. Биеийн байдал эрүүл байх;
3. Боловсролын түвшин ба насанд тавигдах шаардлага:
3.1 Бакалаврын түвшинд суралцах бол бүрэн дунд боловсролтой, 25 хүртэлх насны;
3.2 Магистрантурт суралцах бол бакалаврын зэрэгтэй, 35 хүртэлх насны;
3.3 Докторантурт суралцах бол магистрын зэрэгтэй, 40 хүртэлх насны байна.
4. Голч дүн
4.1 Бакалаврын түвшинд суралцах бол голч дүн 3.0 ба түүнээс дээш байх;
4.2 Магистрантур болон докторантурт суралцах бол голч дүн 2.5 ба түүнээс дээш байх.
ХОЁР. Бүртгэл
Бүртгэл 2018 оны 3 дугаар сарын 10, 11-ний өдрүүдийн 10:00-18:00 цагийн хооронд ШУТИС-ийн Төв байр, № 324, 421 тоот өрөөнд явагдана.
Бүрдүүлэх материал:
• Иргэний үнэмлэх, гадаад паспорт /эх хувь болон хуулбарын хамт/;
• 3*4 хэмжээтэй цээж зураг 2 хувь /сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан байх/;
• Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалавр, магистрын дипломын эх хувь, нотариатаар баталгаажсан хуулбар 1 хувь.
• Бүртгэлийн хураамж 10.000 төгрөг.
Жич: Баримт бичгийн бүрдэл дутуу болон бүртгэлийн цагаас хоцорсон иргэдийг бүртгэхгүй болно.
ГУРАВ. Сонгон шалгаруулалт
Бакалавр, магистрантур, докторантурын сургалтад бүртгүүлсэн иргэдийн сонгон шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас томилсон хамтарсан ажлын хэсэг зохион байгуулна.
1. Бичгийн шалгалт
2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10:00-12:00 цагт бакалаврын шалгалт, 18-ны өдрийн 10:00-12:00 цагт магистрантур, докторантурын шалгалтууд ШУТИС-ийн төв номын сангийн байранд тус тус зохион байгуулагдана.
• Бакалаврт бүртгүүлэгчдээс англи хэл, хятад хэл, математик;
• Магистрантур, докторантурт бүртгүүгүүлэгчдээс англи хэл, хятад хэлний шалгалтыг тус тус авна.
Жич: Бичгийн шалгалтад орохдоо 2В харандаа, баллуур, хар өнгийн үзэг, иргэний үнэмлэхээ авч ирнэ.
Бичгийн шалгалтын дүн болон ярилцлагад орох иргэдийн нэрсийг 03 дугаар сарын 22-ны өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбарт болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “Гадаадад суралцах” цэсэд байрлуулна.
2. Ярилцлага
Бичгийн шалгалтад тэнцсэн бакалаврт бүртгүүлэгчдийн ярилцлагыг 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр, магистрантур, докторантурт бүртгүүлэгчдийн ярилцлагыг 03 дугаар сарын 31 ба 4 дүгээр сарын 01-ний өдөрт зохион байгуулна.
Ярилцлагад ороход шаардагдах материал:
• Иргэний үнэмлэх /эх хувь болон хуулбар хувь/;
• “БНХАУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр суралцахыг хүсэгчийн анкет” /Хятад эсвэл англи хэлээр бөглөнө. Онлайнаар бүртгүүлсэн тохиолдолд татаж аваад хэвлүүлэх боломжтой. www.csc.edu.cn/studyinchina эсвэл www.campuschina.org сайтаар бүртгүүлнэ/;
• Дүнгийн тодорхойлолт /Хятад, англиас бусад хэл дээр байгаа бол баталгаат орчуулгын хамт/
• БНХАУ-д суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Бакалаврт 200, магистрантурт 500, докторантурт бол 800-аас цөөнгүй үгтэй байх. Хятад эсвэл англи хэлээр бичнэ/;
• Тодорхойлох захидал /БНХАУ-д магистрантур, докторантурт суралцах бол 2 профессор эсвэл дэд профессорын тодорхойлох захидал ирүүлэх шаардлагатай. Хятад эсвэл англи хэлээр бичнэ/
• Хөгжмийн мэргэжлээр суралцах бол суралцагч өөрийн бүтээл, Дүрслэх урлагийн мэргэжлээр суралцах бол суралцагч өөрийн зурсан 2 хар зураг, 2 өнгөт зураг ба 2 өөр төрлийн бүтээлээ ирүүлнэ;
• Суралцахыг хүсэгч 18 нас хүрээгүй бол БНХАУ-д байх хууль ёсны асран хамгаалагчийн хууль зүйн бичиг баримтыг ирүүлэх шаардлагатай;
• БНХАУ-д 6 сараас дээш хугацаагаар суралцах бол “Эрүүл мэндийн хуудас”-ын хуулбарыг ирүүлнэ (Улсын Нэгдүгээр төв эмнэлэгээс авна. Англи хэл дээр бичигдсэн байна. Эх хувиа өөртөө хадгална). Суралцахыг хүсэгч “Эрүүл мэндийн хуудас”-ын дагуу үзлэгт хамрагдана. Дутуу, өөрийн зураг наагаагүй, эсвэл зурган дээр тамга дарагдаагүй, эмчийн болон эмнэлгийн гарын үсэг, тамга тэмдэггүй тохиолдолд “Эрүүл мэндийн хуудас”-ыг хүчингүйд тооцно. Үзлэгийн үр дүнгийн хүчинтэй хугацаа 6 сар байна;
Дараах материал байвал ирүүлнэ үү:
• БНХАУ-ын Засгийн Газрын тэтгэлэгт оюутныг хүлээн авах сургуулиас гаргасан урьдчилсан урилга;
• Хэлний ур чадварын гэрчилгээ /HSK, IELTS, эсвэл TOEFL-ын дүнгийн хуудас гэх мэт/.
*Дээр дурдсан материалын эх хувь болон хуулбарын хамт ярилцлагад орно.
ДӨРӨВ. Тэтгэлэгт нэр дэвшүүлэх ба суралцуулах
Ярилцлагад тэнцсэн бакалаврт бүртгүүлэгчдийн нэрсийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр , магистрантур, докторантурт бүртгүүлэгчдийн нэрсийг 04 дүгээр сарын 05-ны өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбарт болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “Гадаадад суралцах” цэсэд тус тус байрлуулна.
Сонгон шалгаруулалтын дүнтэй холбоотой асуудлаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ямар нэгэн тайлбар хийхгүй болно.
Бакалавр, докторантурын шалгаруулалтад тэнцсэн иргэд 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөрт, магистрантурын шалгаруулалтад тэнцсэн иргэд 04 дүгээр сарын 08-ны өдөрт нэр дэвшүүлэхэд шаардлагатай баримт бичгийн жагсаалт, материал, мэдээллийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас авна. (Цагийг сонгон шалгаруулалтын дүнтэй хамт ЭСЯ-наас мэдээлнэ).
Тухайн нэр дэвшигчийг хүлээн авч суралцуулах эцсийн шийдвэрийг БНХАУ-ын Боловсролын яам, хүлээн авах сургууль хамтран гаргана. Хятад хэлний бэлтгэлд суралцах шаардлагатай иргэд БНХАУ-ын талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэлд суралцсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үргэлжлүүлэн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр үндсэн сургалтад хамрагдана. Суралцагч замын зардлаа хариуцах бөгөөд БНХАУ-ын Засгийн газраас сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг санхүүжүүлнэ.
Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 51-267131, 11-321974, 99109554 утсаар лавлана уу.
БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ