ХААИС-ийн удирдлага тус сургуульд айлчилж буй Япон улсын Тотторогийн их сургуулийн төлөөлөгчдийг 2018 оны 03 сарын 06-ны өдөр хүлээн авч уулзав. Тус уулзалтад ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Гадаад хамтын ажиллагааны хэлтэсийн дарга Ц.Сүхтулга, Экосистем судалгааны төвийн захирал Ж.Ундармаа, Тотторогийн их сургуулийн Хуурай бүсийн судалгааны төвийн захирал Норикази Яманака, тус төвийн оффис менежер Хироки Энзава, Тотторогийн их сургуулийн хөдөө аж ахуйн сургуулийн судалгааны оюутан Сойчиро Окида нар оролцов.
Уулзалтын үеэр Тотторогийн их сургуулийн Хуурай бүсийн судалгааны төвийн захирал Норикази Яманака манай хоёр их сургуулийн 10 жилийн түүхтэй хамтын ажиллагааны талаар дурдаж, судалгааны ажил явуулахад ХААИС-ийн зүгээс үзүүлсэн туслалцаа дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр “Монгол орны бэлчээрийн эко систем” нэртэй номныхоо 3 дах ботийг хэвлүүлэхээр Монголд ирээд байгаа бөгөөд энэ ном нь Англи болон Монгол хэл дээр хэвлэгдэн гардаг ном юм. Тус номонд Монгол орны бэлчээрийн судалгаа, бэлчээрийг хэрхэн зөв зохистой ашиглах, унаган төрхийг нь хадгалж хамгаалж үлдэх талаар бичсэн бөгөөд энэхүү ном нь Монголд төдийгүй Япон улсад маш их сайшаагдсан бүтээл болсон байна.