Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2018-2019 оны хичээлийн жилд Францын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.
Тэтгэлгийн зорилго:
• Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх;
• Өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх;
• Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх.
Тэтгэлэг олгох чиглэл:
• Магистр ба докторын сургалт /англи болон франц хэл дээр/;
• Хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуй, газар тариалан, аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик, соёл, урлаг зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болно.
Тавигдах шаардлага:
• Монгол улсын иргэн байх;
• Франц дахь их, дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтай байх;
• Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшингийн шаардлагыг хангасан байх.
Англи хэлний мэдлэг:
• TOEFL-н 40-с доошгүй оноотой байх эсвэл IELTS шалгалтын 5,5-с доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байна.
Франц хэлний мэдлэг:
• DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL –н B2 түвшин;
• DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом);
• TCF–н диплом B2 түвшингээс дээш болон нэмэлт шалгалтын диплом;
• Хэрэв та Франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Монгол-Францын төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу.
Бүрдүүлэх баримт бичиг:
• Хүсэлтийн маягт татах;
https://mn.ambafrance.org/IMG/pdf/formulaire_bourse_mn_2018-2019.pdf?1426/25e152b7d28db44af8ade7f87bcc1579bec832ec
• Бүрэн, зөв бөглөсөн анкет /татаж авах/;
• CV буюу товч намтар;
• Суралцах хөтөлбөр, төлөвлөгөөг багтаасан эссэ /франц хэл дээр суралцах бол франц хэл дээр монгол орчуулгын хамт, англи хэл дээр суралцах бол англи хэл дээр монгол орчуулгын хамт, A4*2 нүүрнээс хэтрэхгүй, “Times new roman” 12 фонтоор бичигдсэн байх/;
• Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт;
• Францын их, дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал эсвэл тодорхойлолт;
• Хамгийн сүүлд суралцаж төгссөн их, дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн албан захидал;
• Тэтгэлэгт хамрагдахыг дэмжиж, зөвшөөрч байгааг илэрхийлсэн ажил олгогчийн албан бичиг + нийгмийн даатгалын дэвтэр;
Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр/ бүрдүүлээд
2018 ОНЫ 04 САРЫН 23 -НЫ ДОТОР дараах хаягаар Францын элчин сайдын яамны хаягаар ирүүлнэ.
Монгол Улсад суугаа Франц Улсын ЭСЯ
Энх тайвны өргөн чөлөө -15
Соёл, хамтын ажиллагааны хэлтэс
Жич: Баримт бичгийн бүрдэл дутуу, хугацаа хоцорсон бол сонгон шалгаруулалтад оруулахгүй.
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтыг баримт бичигт үнэлгээ өгөх, ярилцлага хийх гэсэн үе шаттай зохион байгуулна.
Бичиг баримтын бүрдүүлэлтийг хамтарсан Хороо 2018 оны 04-р сарын 24 нөөс 05-р сарын 07-ны хооронд хянах ба шалгарсан иргэдийн ярилцлагын цагийн хуваарийг 2018 оны 05 сарын 11-нээс өмнө, Монгол дахь Франц Улсын ЭСЯ-наас утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ.
Францын ЗГ-ын тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдлэнэ. Үүнд:
• Угтуулан тосох үйлчилгээ авах;
• Францын визний хураамжаас чөлөөлөгдөх;
• Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрны зардалд зориулагдсан сарын 767 € хүртэл мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авах;
• Онгоцны буудалд буусан даруй эхний тэтгэмж авахад Travelex үйлчилгээ авах эрх нээнэ;
• Эхний жилийн оршин суух зөвшөөрлийн хураамжийг буцаан авах;
• Сургалтын материал, номын төлбөрийг жилд нэг удаа буцаан авах;
• Хэрэв оюутан CROUS байгууллагын оюутны байранд хамрагдаж чадаагүй бол түрээсийн байрны төлбөрийг буцаан авах, мөн Францын их, дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэх;
• Дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх;
• Франц улс дахь эрүүл мэндийн даатгалаас чөлөөлөгдөх тус тус багтана.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны 04 дүгээр сарын 23
Холбоо барих утас:
Нэмэлт мэдээллийг Монгол дахь Франц Улсын ЭСЯ-ны ажилтан Т.Төрнямтай 11-324519 утсаар холбогдож авна уу. Цахим хаяг: contact@ambafrance-mn.org