Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол улсад шинэ, залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO сан өөрийн тэтгэлгээр 2019-2020 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 4 оюутан, эдийн засаг, Олон улсын харилцаа, улс төр судлал, бизнес удирдлага чиглэлээр 4 оюутан, нийт 8 оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна.
Жич: БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй.
Тавигдах шаардлага:
• Шалгаруулалтад оролцогч нь Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн суралцагч;
• Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр курсэд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутан;
• 25-аас доош настай /2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар/;
• Гэрлээгүй;
• Монгол Улсын иргэн байна.
Бүрдүүлэх бичиг баримт:
1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр курсэд суралцаж буй иргэн:
• Цахим өргөдөл;
• Суралцаж буй сургуулийн тодорхойлолт /Англи эсвэл солонгос хэл рүү орчуулсан баталгаат орчуулгын хамт/;
• Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
• Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /Англи, эсвэл солонгос хэлээр баталгаат орчуулгын хамт/;
• Иргэний үнэмлэхийн хуулбар;
• Бүртгэлийн хураамж 10000 төгрөг төлсөн баримт;
• ILWOO сангийн тэтгэлэг хүссэн өргөдөл (татаж авах).
2. Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагч:
• Цахим өргөдөл;
• Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг /Англи эсвэл солонгос хэл рүү орчуулсан баталгаат орчуулгын хамт/;
• Эхний 2 улирлын дүнгийн тодорхойлолт;
• Иргэний үнэмлэхийн хуулбар;
• Бүртгэлийн хураамж 10000 төгрөг төлсөн баримт;
• ILWOO сангийн тэтгэлэг хүссэн өргөдөл (татаж авах).
2018 оны 04 дүгээр сарын 02-ны 00 цагаас 05 дугаар сарын 05-ны өдрийн 23 цаг хүртэл esis.edu.mn/grant цахим хаягаар бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Бүртгэлийн хураамж 10000 төгрөгийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015431 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утганд ILWOO cангийн тэтгэлэгт бүртгүүлэх тухай мэдээллийг заавал оруулах шаардлагатай.
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтад оролцогч дараах шалгалтыг өгнө. Үүнд:
2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 11:00 цагт Математик, 14:00 цагт Англи хэлний шалгалтыг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 1-р байранд тус тус зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана.
Бүртгүүлэгч шалгалт эхлэхээс 30 минутын өмнө, иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай. Иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй. Бичгийн шалгалтын дүнг 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 18:00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “Гадаадад суралцах” цэсэнд зарлана.
Бичгийн шалгалтад 60 ба түүнээс дээш оноо авсан шалгуулагчдыг ярилцлагад оруулахаар нэр дэвшүүлэх ба 2018 оны 05 дугаар сарын 21-ны өдөр нэр дэвшигчдийн бүрдүүлсэн материалыг ILWOO санд хүргүүлнэ. ILWOO сангаас ярилцлагад орох оюутнуудын нэрс болон ярилцлага хийх байр, цагийн хуваарийг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 15:00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудасны нүүр хуудсан дахь "Гадаадад суралцах" цэсэнд байршуулна. Ярилцлагыг 2018 оны 05 дугаар сарын 31-ны өдөр ILWOO сангаас хариуцан зохион байгуулах ба ярилцлагын дүнг тухайн өдрөө мэдээлнэ. (Ярилцлага Англи хэл дээр явагдана)
Хэлний бэлтгэл сургалт:
Ярилцлагад тэнцсэн оюутнууд 2018 оны 08 дугаар сарын 01-нээс Улаанбаатар хотод солонгос хэлний сургалтад хамрагдана. Сургалтад хамрагдагчдаас 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр солонгос хэлний төвшин тогтоох шалгалт авч, амжилттай дүн үзүүлсэн оюутнуудыг 2019 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна.
Тэтгэлгийн хэмжээ, хугацаа:
Онгоцны тийз (анх явахад 1удаа, төгсөөд буцаж ирэхэд 1 удаа), оюутнуудын сургалтын болон оюутны дотуур байрны төлбөр, эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хариуцаж, сар бүр амьжиргааны тэтгэлэг олгох ба тэтгэлгийн хугацаа 4 жил байна.
Суралцагчийн үүрэг:
Суралцагчид нь Монгол Улс, БНСУ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, ILWOO сан болон Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны журам, холбогдох хууль дүрмийг биелүүлнэ. Хэлний бэлтгэл сургалт болон үндсэн ангидаа хангалтгүй үнэлгээтэй суралцсан, эсвэл хууль, дүрэм зөрчсөн суралцагчийн суралцах эрхийг нь хасах, суралцсан хугацааны төлбөрийг нь нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.
Холбогдох утас: 70002003 /8.30-11.30 цагийн хооронд холбогдоно уу/