Монгол улсад ургамал хамгааллын салбар үүсч хөгжсөний 60 жил, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд “Ургамлын өвчин судлал – 2018” анхны эрдэм шинжилгээний бага хурлыг УХЭШХүрээлэн болон Ургамлын өвчин судлалын лаборатори 2018 оны 03 дугаар сарын 23-нд зохион байгууллаа. Тус хуралд ургамлын өвчин судлалын чиглэлээр судалгаа, сургалт, хяналт шалгалт хийдэг байгууллагууд оролцож, энэ салбарын өнөөгийн байдал, судалгаа шинжилгээний ажлын явц, цаашдын чиг хандлагыг тодорхойлов.
Ургамал хамгааллын салбарын бодлого, үйл ажиллагаа нь нэгж талбайгаас хураан авах ургацын хэмжээ, чанарт эерэгээр нөлөөлж, хүнсний аюулгүй байдлыг хангах, эрүүл ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр хүн амын хүнсний хэрэгцээг хангахад чиглэгддэг. Ургамлын өвчин нь ургацыг дунджаар 20-30 хувиар бууруулдаг бөгөөд бүтээгдэхүүний чанарт сөрөг нөлөөлж байгааг судлаачид хэлж байлаа.
Энэ нь буудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний өвчний оношлогооны дэвшилтэт арга технологи, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах өвчин үүсгэгчдийн эсрэг үйлчилгээтэй бичил биетэн, биофунгицидийн судалгаа, туршилтын үр дүн, цаашдын эрэл хайгуул, судалгааны үр дүнг танилцуулсан практик ач холбогдолтой хурал болж судлаачдын хамтран ажиллах зорилгыг тодорхойлов.
Тухайн эрдэм шинжилгээний бага хуралд УХЭШХ, ЕБСБХ, УГТХ, Агро-экологийн сургуулийн газар тариалан ургамал хамгааллын тэнхим, МХЕГ, НМХГ, ХСИС, Монгол ногоо хөтөлбөр, ФЭХолбоо, Дэвшил трейд компани зэрэг хамтран ажилладаг хүрээлэн, сургууль, мэргэжлийн хяналтын байгууллага, төсөл хөтөлбөр, төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн төлөөлөл идэвхитэй оролцов.