ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш нар биеийн гадна (in vitro) орчинд үр тогтоож, өсгөвөрлөсөн хөврөлийн гаралтай махны чиглэлийн суффолк үүлдрийн нэгдүгээр үеийн эрлийз анхны ихэр хургаа 2018 оны 03 дугаар сарын 27-ны өглөө хүлээн авав. Үүнээс өмнө хөврөл шилжүүлэн суулгах туршилт судалгааны ажлууд хийгдэж байсан хэдий ч биеийн гадна орчинд өсгөвөрлөсөн хөврөлийн гаралтай төлийг анх удаа хүлээн авч байгаа юм.
Уг судалгааны ажлыг Японы ЖАЙКА байгууллагын “МАА, мал эмнэлгийн боловсролыг дэмжих” төслийн санхүүжилтээр 2016 онд байгуулагдсан Нөхөн үржихүйн биотехнологийн лабораторид дэд профессор С.Ганбат, Японы Хоккайдагийн их сургуулийн профессор Масаши Нагона нарын удирдлагаар тус сургуулийн багш, докторант П.Эрдэнэтогтох хийж гүйцэтгэжээ.
Тус лабораторид биеийн гадна орчинд үр тогтоох, хөврөл өсгөвөрлөх боломжтой болсноор гадаадаас өндөр үнээр арвин ашиг шимт мал ба хөврөл импортоор худалдан авах хэрэгцээг бууруулах, арвин ашиг шимт болон нутгийн шилмэл омгийн хээлтэгчийн гаралтай хөврөлийн сан бүрдүүлэх, ховордсон зэрлэг амьтдын генийн санг хамгаалах, зарим төрлийн малын хөврөлийг экспортлох зэрэг боломж бүрдэх юм.