ДОКТОР, ПРОФЕССОР Д.ОРГИЛ ЧУН ШИНИЙ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬД ЗОЧИН ПРОФЕССОРООР АЖИЛЛАЛАА

Нийтлэгч : Х.Цэнгэлтуяа
Огноо: 2018-04-06 21:00:21

Д.Оргил нь Тайвань улсын Чун Шиний Үндэсний Их сургуулийн Ерөнхийлөгч профессор Фух Шен Шиний урилгаар  2018 оны 3 дугаар сарын 1-нээс 3-р сарын 31-нийг хүртэл тус их сургуульд зочин профессороор ажиллаад ирлээ. Энэ талаар түүнтэй хэдэн хором ярилцсанаа та бүхэнд толилуулъя.

Та Чун Шиний Үндэсний Их Сургуулийн талаар товч танилцуулна уу.

Чун Шиний Үндэсний Их сургууль нь 1999 онд байгуулагдсан бөгөөд 18 салбар сургуультай, дэлхийн  экологид ээлтэй 10 их сургуулийн нэг  юм.

Та Чун Шиний Үндэсний Их сургуульд ямар сэдвээр лекц уншсан бэ?

Би Чун Шиний Үндэсний Их сургуулийн Мал эмнэлгийн Коллежид “Тэмээний гарал үүсэл, дэлхийн болон монгол тэмээний биологи, физиологийн онцлог, ялгаа, тэмээний  талаар дэлхий дахинд хийгдэж байгаа судалгаа, шинжилгээний ажлын өнөөгийн  байдал” зэрэг сэдвээр нийт 18 цагийн лекц уншсан. Мөн Тайпей хотын амьтны хүрээлэнд “Монгол тэмээний онцлог” сэдвээр лекц уншсан байгаа.

Манай 2 сургуулийн хамтын ажиллагаа ямар түвшинд байгаа бол?

Ирэх зун тус их сургуулиас хоёр профессор ирж, манай хоёр сургуулийн хооронд хамтран ажиллах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар судална. Эхний ээлжинд манайд шинээр үүсч байгаа саалийн механикжсан фермийн мал сүргийн эрүүл мэнд, сүүний эрүүл ахуй, хурдан морины эмгэгийн чиглэлээр тус сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран  ажиллах талаар богино хугацаанд танилцаад, цаашид урт хугацааны төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар судлах зорилготой ирж байгаа.  

Та өнөөдөр Мал эмнэлгийн сургуульд ач охиныхоо хандивласан номыг хүлээлгэж өглөө.

Тиймээ. Миний ач охин М.Должинсүрэн нь Чун Шиний Үндэсний Их Сургуулийн Мал эмнэлгийн коллежийн3-р курсын оюутан. Тэрээр Азийн мал эмнэлгийн  оюутны холбоо байгуулж, Зүүн өмнөд Азийн орнуудын мал эмнэлгийн сургуулиудад англи хэл дээр хэвлэгдсэн мал эмнэлгийн мэргэжлийн ном хандивлах хөдөлгөөн өрнүүлж олон ном цуглуулаад байгаа. Үүний эхний хэсэг болох 150 гаруй номыг өнөөдөр Мал эмнэлгийн сургуульд хүлээлгэж өглөө. Мөн тэрээр МЭС-д “Монголын мал эмнэлгийн оюутны холбоо”-г байгуулсан ба тус холбоог Олон улсын мал эмнэлгийн холбоонд гишүүнээр элсүүлсэн. Өнөөдөр энэ холбооны удирдах зөвлөлийн гишүүд ирж, энэхүү ёслолын ажиллагаанд оролцож байгааг хэлэхэд таатай байна.