ХААИС ГУРАВ ДАХЬ УДААГАА МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ

Нийтлэгч : .
Огноо: 2018-06-29 13:11:46

Хөдөө аж ахуйн их сургууль гурав дахь удаагаа Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлд амжилттай хамрагдаж , гэрчилгээгээ гардлаа.

Монгол Улсад боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагаа 1999 оноос үе шаттайгаар хэрэгжиж буй бөгөөд өнгөрсөн жилээс их, дээд сургуулиудыг магадлан итгэмжлэх гурав дахь удаагийн үйл ажиллагаа эхэлж, шалгуур үзүүлэлтүүдийг хангаж, амжилттай дүн үзүүлсэн их, дээд сургууль, сургалтын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэх гэрчилгээгээ хүлээн авч байна.

Гурав дахь магадлан итгэмжлэлийг эхлүүлэхийн тулд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл /БМИҮЗ/ 2016 онд магадлан итгэмжлэлийн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж,  батлагаажуулсан магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагаар энэ удаа 22 их, дээд сургууль, сургалтын 13 хөтөлбөр амжилттай магадлан итгэмжлэгдэж өчигдөр /2018.06.18/ БСШУС-ын сайд, БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Цогзолмаагаас гэрчилгээгээ гардан авлаа.

Магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд талуудын оролцоог хангахын тулд шинжээчдийн багт ажил олгогч, оюутны төлөөллийг оролцуулж, шинжээчид чанарын үнэлгээний аргачлалын дагуу шалгуур үзүүлэлтүүдээр үнэлгээ хийж байгаа нь сургууль, хөтөлбөрийн үйл ажиллагааг бодитой дүгнэх боломж бүрдсэн гэдгийг онцлон тэмдэглэж байлаа.

Сургууль, хөтөлбөрийн чанарын хөгжлийг дэмжих гол тулгуур нь чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоо учраас магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагын нэг үндсэн хэсэг нь тухайн сургуулийн чанарын бодлого, хэрэгжилт, үр дүн, сайжруулалтыг үнэлж дүгнэхэд чиглэдэг. Энэ нь БМИҮЗ-өөр магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авсан сургууль, хөтөлбөрүүд цаашид олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд чухал давуу тал болж байгаа юм.

БМИҮЗ-өөс дээд боловсролын сургалтын  байгууллага,  хөтөлбөрийг  магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг  бүрэн хангасан тохиолдолд таван жилийн хугацаатай, тодорхой шаардлагыг хэсэгчлэн хангасан тохиолдолд нэг жилийн хугацаатай магадлан итгэмжилдэг. Ийнхүү ХААИС гурав дахь удаагаа Дээд боловсролын сургултын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэний зэрэгцээ Агроэкологийн сургуулийн “Байгаль орчныг хамгаалах технологи” хөтөлбөр таван жилийн хугацаагаар, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн “Бараа түүхий эдийн судлал, технологи” хөтөлбөр нэг жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ.