ХААИС-ИЙН НЭВТЭРХИЙ ТОЛЬ

Нийтлэгч : .
Огноо: 2018-08-27 10:52:23

 

Ч.ГАНТУЛГА, Г.УНДРАМ

Хөвөнтэй өмд, хөдсөн дээлээр гоёж, эсгий гутал өмссөн хөдөөгийн бор хүү багш болох гэгээн мөрөөдлийг балчир насандаа л тээсэн гэх юм билээ. Хонь, хургатай хөөцөлдөн тоглож, шилбүүр барин гүйж явахдаа ирээдүйд их үйлсийг бүтээх сурган хүмүүжүүлэгч болох нууцхан хүсэл сэтгэлдээ тээж яваагаа хэрхэн гадарлах билээ. Улаан хацар, сайран гартай ч ухаан цэлмэг Хөвсгөлийн жаал хүү өнөө цагийн Хөдөө аж ахуйн салбарт хийсэн зүйл, хэлэх үгтэй, хүндлэл ихтэй багш болжээ. Энэ хүн бол Монгол Улсын гавьяат багш, доктор профессор Х.Гэндарам юм. Бурхнаас заяасан энэ л амьдралаа тэр чигт нь сурган хүмүүжүүлэх ажилд зориулж, ХААИС-тай хувь заяаны сэжимээр холбогдсон  эрхэм хүмүүн Х.Гэндарам багшийг хөдөө аж ахуйн салбарынхан, ХААИС-ийн үе үеийн багш, оюутнууд андахгүй. Тэрээр ХААИС-д 51 жил багшилжээ. Тиймээс энэ салбарт манлайлж яваа эрдэмтэн, мэргэд, багш нар бүгд түүний шавь  юм билээ.

ХҮССЭН ХУВААРЬ БАЙГААГҮЙ ТУЛ ЗООТЕХНИКИЙН АНГИД ЭЛСЭВ

Хүдэрийн Гэндарам Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын уугуул. Бага насаа ээж болон ах, эгчийнхээ хамт хорвоогийн бүхий л үзэмжийг шингээсэн төрсөн нутагтаа өнгөрүүлжээ. Хөдөөний жаалуудын адил хурга, ишиг хариулж, ус авч, түлээ мод зөөсөөр ажил хөдөлмөрийн амтыг эрт мэдэрсэн, аливаад гүжирмэг нэгэн болж өссөн тухайгаа дурссан юм. Харин бага сургуульд орсон цагаасаа эрдэм сурахын ач тусыг тунгааж, хичээнгүйлэн шамддаг сурагч байж. Энэ үеэс багш болох мөрөөдөл тээсэн гэдэг. Түмний олон хүүхдийг эрдэм  хэмээх оройгүй сүмд суулгаад, “Багшаа” хэмээн дуудуулахсан гэж бяцхан хүү Х.Гэндарам зүгээр ч нэг мөрөөдөөгүй юм. Мөрөөдлөө зорилго болгож, зорилгынхоо төлөө эртнээс өөрийгөө бэлдэж, хичээл завсардсан ангийнхаа найзуудад туслаж, ойлгоогүй хичээлийг нь зааж байсан нь ирээдүйн сурган хүмүүжүүлэгч болох их зорилгынх нь эхлэл байв. Ийнхүү аймгийнхаа дунд сургуулийг амжилттай дүүргээд, оюутан болохоор Улаанбаатар хот руу хүлгийн жолоо залжээ. Түүний чин хүсэл нь МУИС-ийн “Хими биологийн багш”-ийн анги байв. Гэвч хүссэн хуваарь нь олдсонгүй. Сургууль завсардахгүйн тулд нутгийн ах нарын зөвлөснөөр Хөдөө аж ахуйн факултьетийн Зоотехникийн ангид элсчээ. Харин гуравдугаар дамжаанд сурч байхад нь буюу 1958 оны дөрөвдүгээр сард  МУИС-аас Хөдөө аж ахуйн факультетийг салгасан аж. Ингэхдээ эхлээд Нийгмийн ухааны болон Хөдөө аж ахуйн факултьетийг Зайсангийн аманд төвхнүүлсэн нь өнөөгийн ХААИС-ийн суурь юм.

ХААИС-ИЙН “№1” ДИПЛОМТОЙ, АНХНЫ ТӨГСӨГЧ

Ингэж оюутан Х.Гэндарам ХААИС-тай холбогджээ. Түүний их сургууль төгссөн диплом нь өдгөө Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байна. Учир нь нийтлэлийн баатар маань ХААИС-ийн “1” буюу хамгийн анхны төгсөгч ажээ. Өдгөө 60 жилийн ойн баяраа тэмдэглэхээр зэхэж буй улсын ууган сургуулийн баяр дээр баяр нэмэх өөр нэг нэгэн бахархалтай мөч нь анхны төгсөгч Х.Гэндарам мэргэжлийн зоотехникч гэсэн диплом өвөртөлсний 56 жилийн баярын давхцал юм. Сургууль үүсгэн байгуулагдсаны 60, анхны төгсөлтөө хийсний 56 жил гээд бодохоор Х.Гэндарам энэ сургуулийн хамгийн хүндтэй төгсөгч гэдэг нь илт. 1959 онд залуухан зоотехникч маань шинэхэн дипломоо өвөртлөөд амьдралын хаалгыг тогшжээ. Ингэхдээ төрсөн нутаг болох Хөвсгөл аймгийнхаа ерөнхий зоотехникч гэсэн хариуцлагатай албанд томилогдов. Гэвч энэ ажлаа найман сар хийгээд эргээд ХААИС-даа ирэх хувь тавилантай байжээ. 1959 онд улсын хэмжээнд аж ахуй хоорондын газар зохион байгуулалтын их ажил өрнөжээ. Энэ ажлын шугамаар Х.Гэндарам дарга хийсэн ажлынхаа тайланг өгөхөөр Улаанбаатар хотод иржээ. Яагаад ч юм сургуулиараа ормоор санагдаад иртэл Ш.Гомбо багш нь “Чи хөдөө байхаар сургуульдаа ажилла. Нэг орон тоо гарчихаад байна” гэсэн санал тавьж. Угаас багш болох нууцхан хүсэл тээсэн хүүд энэ санал  таалагдсан нь мэдээж. Тухайн үед нэгдэлжих хөдөлгөөн ид өрнөж байсан үе. Хөдөө аж ахуйн яамнаас хүсэлтийг нь зөвшөөрдөггүй. Харин багш нь дараа жил Хөвсгөл аймаг руу сайн зоотехникч явуулна гэсэн амлалт өгч байж шавиа сургуульдаа үлдээх шийдвэр гаргуулж чаджээ.

ХААИС-ИЙН АНХНЫ МОНГОЛ БАГШИЙН НЭГ

Хөвсгөл нутгийн бор хүү ийнхүү ХААИС-ийн багш, эрдэм шинжилгээний ажилтан болж, багш болох холын мөрөөдөлдөө нэг алхам ойртсон түүхтэй. Энэ хугацаанд Х.Гэндарам багшаас эхлээд тэнхмийн эрхлэгч, захирал хүртэл хийж, хамгийн сүүлд зөвлөх багшаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суужээ. Х.Гэндарам багшийг анх ХААИС-д багшилж эхлэхэд боловсон хүчний ихэнхийг нь ОХУ-ын мэргэжилтнүүд эзэлдэг байж. Тухайн үед тус сургууль мал эмнэлэг,  зоотехник гэсэн хоёр салбартай байж. Мал эмнэлгийн салбарыг Пүрэвжав, зоотехникийн салбарыг Сэнгээ гэсэн хүмүүс хариуцдаг байсан гэнэ. Сэнгээ багш хурал дээр санал гаргаж, Х.Гэндарамыг зоотехникийн салбартаа багшаар авсан түүхтэй. Х.Гэндарамаас гадна Б.Галбадрах, Б.Гомбо зэрэг анхны монгол багш нар ХААИС-ийн бүрэлдэхүүнд орж ирснээр тэд ХААИС-ийн анхны монгол багш нар гэсэн хүндтэй алдрыг зүүх болсон юм. Анх хоёр мэргэжлээр л оюутан бэлтгэдэг байсан сургууль жил өнгөрөх бүрт хүрээгээ тэлж, агрономи, инженер, эдийн засгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлжээ. Үндсэн таван мэргэжлээр оюутан элсүүлдэг байсан сургууль 1990-ээд оны эхээр найман чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг улсын хэмжээнд тэргүүлэх сургууль болж өргөжжээ. Сургуулийнхаа бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан Х.Гэндарам багш “Малын тэжээл, тэжээллэг” гэсэн хичээл заадаг байж. Энэ нь малын хооллолт, тэжээл, бэлчээр хадланг нарийн судалдаг онцлогтой юм байна. Илчлэг чанар, ашигтай үйлчилгээ, жор гээд бүхнийг эхнээс нь судалж, заах үүрэгтэй хичээл. Харин орчин үед фермерийн мал ахуй эрчимтэй хөгжиж, энэ талын судалгаа их дутмаг болсон гэж ахмад багш ярьж байна лээ. 1960-1970-аад оны үед ХААИС-ийг зорьж, орох хүсэлтэй хүүхэд олон байдаг байж. Харин өнөөгийн хүүхдүүд хөдөө аж ахуйгаас дөлж, зугтаах хандлага их болсонд жаахан харамсч явдаг тухайгаа Тэрээр ярьж байсан юм. “Залуучууд хот суурин газар бараадаж, мал маллах хүсэлгүй болчихжээ. Эцэг эх нь хэдэн малаа хүчрэхгүй зүдэрч байхад хүүхдүүд нь хийх ажилгүй, хотоор сэлгүүцэж байгаа нь харамсалтай. Үүнээс гадна манай малчид нэгнийгээ их даган дуурайж туйлшрах юм. Тэрний хүүхэд дээд сургуульд орчихож. Би ч ялгаагүй хүүхдээ сургана гэх жишээний. Өнөөх хүүхэд нь сурж төгсчихөөд эргээд нутагтаа ирдэггүй. Мэргэжлийнхээ ажлыг ч хийхгүй, лангуун дээр талх зараад зогсч байна. Тэгэхээр малчдын залгамж халааг бэлтгэх асуудлыг бодлоготойгоор авч хэлэлцэхгүй бол болохгүй нь” гэж байв. Үүнээс гадна Х.Гэндарам багш ХААИС-д анхны кабинетийг байгуулж байжээ. Одоо ч түүний байгуулсан лабораторид оюутнууд хичээллэж, багш нар туршилтаа хийсээр байна.

1977-1985 ОНЫГ ХҮРТЭЛ СУРГУУЛИЙН ЗАХИРЛААР АЖИЛЛАВ

Х.Гэндарам хэдийгээр гадаад, дотоодод сураагүй ч өөрийн чин сэтгэл, уйгагүй хөдөлмөрийнхөө хүчинд хамт олныхоо итгэл, хүндэтгэлийн хүлээж 1977-1985 оныг хүртэл сургуулийнхаа захирлын үүргийг нэр төртэйгөөр биелүүлсэн юм. Энэ хугацаандаа яамнаас өгсөн үүрэг даалгаврыг цаг алдалгүй биелүүлж, оюутнууддаа чанартай боловсрол олгохын төлөө өглөөнөөс эхлээд үдшийн бүрий хүртэл ажилладаг байсан тухай тухайн үед түүний удирдлага дор ажиллаж байсан багш, оюутнууд нь өдгөө ч дурсч явдаг юм билээ. Түүнийг захирал хийж байхад ХААИС 27 тэнхимтэй, 100 гаруй багштай өнөр өтгөн гэр бүл байжээ. Жилдээ 370 гаруй мэргэжилтэн төгсгөдөг байсан аж. Багш нарынх нь ихэнх нь эрдмийн зэрэг хамгаалсан, мундагууд байв. Харин нийгэм өөрчлөгдөхийн хэрээр хүүхдүүдийн үзэл бодол, аливаад хандах хандлага өөрчлөгдөж байна. Энэ нь боловсролын салбарт сөргөөр нөлөөлж байна гэж Х.Гэндарам багш зовинож сууна. Түүнийг багшилж байх үед төр бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмждэг байж. Оюутнууд хүртэл цалинтай. Үүнийхээ хэрээр шаардлага ч өндөр байсан юм байна. Оюутан гурван шалгалтад унах, эсвэл нэг хичээл дээр гурав дараалаж муу авбал шууд сургуулиас хасна. Харин одоо бүх зүйл эсрэгээрээ. Төлбөрөө л төлчихсөн бол сургуулиа төгсөх нь хууль. Багш нар нь ч нэгэнт л төлбөрөө төлчихсөн хүүхдийг шалгалтад унагаах эрхгүй мэт мохоо болчихсон нь буурал багшийн урмыг хааяахан хугалдаг гэж байв. Энэ хандлага л нийгэмд чадваргүй, ажилгүй мэргэжилтэнг олноор гаргаж, салбарын хөгжилд гацаа үүсгэж байна хэмээн тэрээр ярилцлагын үед онцолж байсан юм.

ХААИС БАГШИЙН ХӨГЖИЛД АНХААРЛАА ХАНДУУЛДАГ

 

ХААИС-ийн үе, үеийн удирдлагууд багшийн хөгжилд ихээхэн ач холбогдол өгч, анхаарал хандуулж иржээ. Учир нь багш хүн хүүхдүүдээсээ олон алхмын өмнө явж байж л сайн мэргэжилтэн бэлтгэнэ. Түүнээс эрээн цаас уншаад мэдлэг олгочихно гэвэл түүн шиг үлгэр үгүй аж. Харин тухайн хичээлдээ тохирсон судалгаа хийж, түүнийгээ хичээлтэйгээ холбож өгвөл тэр жинхэнэ мэдлэг болно. Х.Гэндарам багш насаараа судалгаа хийж, 30 гаруй ном бичиж, ХААИС-ийн оюутнуудад 100 гаруй гарын авлага, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж үлдээсэн гавьяатай хүн. Одоо ч тус сургуулийн багш, оюутнууд багшийнхаа арга барилын дагуу хичээллэдэг юм байна. Эрдэм шинжилгээний ажилтан Х.Гэндарам “Бэлчээрийн ургамлын химийн найрлага, шинж чанарын адил зүй” сэдвээр судалгаа хийжээ. Энэ нь “Жилийн дөрвөн улиралд бэлчээрийн ургамлын дотоод найрлага хэрхэн өөрчлөгдөж, малын идэх нормтой яаж харьцаж байна вэ” гэсэн агуулгатай. Х.Гэндарам багшилж байх хугацаандаа сургалтаас гадна хүүхдийн хүмүүжилд онцлон анхаардаг байжээ. Тэрээр энэ тухайгаа “Одоогийн сургалтын тогтолцоо хүмүүжлийг нь орхигдуулаад байна. Гадуур архи ууж байгаа нь хэнд ч хамаагүй болж. Бидний үед хэрэв оюутан архи ууж, овилгогүй зан гаргавал жилийн чөлөө олгодог байлаа. Хүүхдийн хүмүүжлийг засах хамгийн шилдэг арга нь багш өөрөө үлгэрлэх юм шүү дээ. Намайг архи уухыг манай хүүхдүүд битгий хэл эхнэр маань ч хараагүй” гэсэн юм. Сургуулийнхаа тухай ийнхүү дурсамж ярьж, түүх дэлгэсэн түүнийг “ХААИС-ийн нэвтэрхий толь” гэж онцолмоор санагдсан юм. Учир нь 60 жилийн түүхтэй тус сургуулийн тулгын чулууг анхлан түшилцэж, төдийгөөс өдийг хүртэлх баялаг түүх, зузаан намтрыг нь Х.Гэндарам багшаас өөр гэрчлэх хүн одоо ховор болжээ.

ЗУРГААН ДОКТОРТОЙ ГЭР БҮЛ

Өнөөдрийн Х.Гэндарамын бие болоод сэтгэлийг бүтээсэн хүн нь түүний ээж. Ижий нь хэдийгээр малчин удамтай ч их алсын хараатай, хүүдээ байнга эрдэм мэдлэгтэй болохыг захидаг байсан гэнэ. Ах, эгч нь эрт хүнтэй сууж мал дагасан учир бага хүүгээ хот бараадуулж, сургуульд сургахыг эрхэмлэжээ. Хэрэв ээж нь ийнхүү захиагүй бол Х.Гэндарам өнөөдөр малчин байх байв. Харин түүний ханийг Ө.Норов гэдэг. Хүний их эмч мэргэжилтэй. Тэд их сургуулийн дээд, доод ангийнхан юм байна. Анх найзынхаа гэрт гал голомтоо асааж, улмаар ХААИС-ийн дотуур байранд хүртэл амьдарч явжээ. Өдгөө тэд дөрвөн сайхан хүүхдийн ижий аав. Х.Гэндарамынх зургаан доктортойгоороо алдартай . Хүүхдүүдийнх нь гурав нь болон хоёр хүргэн нь эрдмийн зэрэгтэй аж. Гурван хүүхэд нь ээжийнхээ мэргэжлийг өвлөж эмч болжээ. Харин нэг охин нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн юм байна. Сэхээтэн гаралтай энэ айлын бага хүү нь Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Г.Баясгалан юм байна. ХААИС ирэх аравдугаар сард 60 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Ахмад багшийн хувьд сургуулийнхаа үе, үеийн ажилтан, албан хаагч, төгсөгчиддөө түүхт 60 жилийн ойн мэндийг уламжилсныг нийтлэлийнхээ төгсгөлд дамжуулъя.