Хөдөө аж ахуйн их сургууль ХХААХҮЯ, Удирдлагын академитай хамтран “Хамтын хүчээр орон нутгаа хөгжүүлье” сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйг хэрхэн хөгжүүлэх талаар салбарын эрдэмтдийг урьж хийж буй уг хэлэлцүүлэгт энэ удаа Сүхбаатар аймгийн сум, багийн Засаг дарга нарыг хамруулсан бөгөөд сургалт хэлэлцүүлгийн нээлтэд УИХ-ын гишүүн Ч.Улаан, ХААИС-ийн захирал Т.Хэргүүга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ц.Тогоо, Х.Гэрэлт-Од нарын албаны хүмүүс оролцлоо.
Засаг дарга нар энэ сургалтаар “Манлайлах ур чадварын хөгжил”, “Мал аж ахуйн салбарын хөгжлийн чиг хандлага”, “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Мал аж ахуйн салбарын бодлогын хэрэгжилт, өвөлжилт хаваржилтын бэлтгэл”, “Сум, аймаг, орон нутгаа хөгжүүлэх ойрын болон хэтийн төлөв, түүнд багийн дарга нарын оролцоо”, “Зүүн бүсийн адууны өвчлөл, анхаарах асуудлууд” зэрэг илтгэлийг сонсч, хөдөө аж ахуйн салбарын шилдэг эрдэмтэдтэй нутаг орныхоо онцлогийн талаар санал бодлоо солилцож, тулгамдаж буй асуудлынхаа талаар ярилцаж үр дүнд нь орон нутгаа хөгжүүлэх өөрийн гэсэн төлөвлөгөөтэй болоод буцах юм. Сургалтад оролцсон Засаг дарга нарыг есдүгээр сарын 10-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээж авч уулзах юм байна.