БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, Монгол Улс хоорондын соёл, аялал жуулчлал, шинжлэх ухааны хамтын ажиллагааны хүрээнд “Өвөр Монголын өөртөө засах орны соёл, аялал жуулчлалын долоо хоног” энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээний хүрээнд экологи, байгаль хамгаалал, цөлжилтийг бууруулах асуудлаар Хятад, Монголын хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал, бүтээлийн үзэсгэлэн ХААИС-ийн “Хатан Туул” театрт2018 оны есдүгээр сарын 06-07-ны өдрүүдэд боллоо.
Уг хурлаар хоёр улсын эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлт, дулаарал олон оронд гамшиг дагуулж, хуурайшилт, цөлжилтийн хамрах хүрээ маш хурдацтай тэлж байгаа талаар ярьж, түүнээс гарах арга замын талаар хэлэлцсэн юм.
Цөлжилт, хөрсний доройтолд өртөмхийд тооцогдох хуурай, гандуу бүс нутаг дэлхийн эх газрын нийт нутгийн 41 хувийг эзлэх болж үүнээс үүдсэн эдийн засгийн хохирол жилд 42 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн судалгаа байдаг аж.
Монгол орны хувьд газарзүйн байршлын онцлог, дэлхийн дулаарал зэрэг байгалийн хүчин зүйлээс гадна бэлчээрийн газрын талхагдал, ой модны хууль бус ашиглалт, хөдөө орон нутгийн олон салаа зам харгуй, уул уурхайн ашиглалтын дараах нөхөн сэргээлтийг шаардлагын түвшинд хийхгүй байгаа зэрэг нь цөлжилтийн цар хүрээг улам ихээр нэмэгдүүлж буй юм байна.
Судалгаагаар Монгол Улсын хувьд, нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилтөд ямар нэгэн байдлаар өртсөн гэж үздэг бол НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн газрын тодорхойлолтоор манай газар нутгийн 90 орчим хувь нь эмзэг бүс нутагт хамаарагддаг гэжээ. Иймд, цөлжилтийн хор уршиг, цөлжилт үүсгэж буй шалтгаан нөхцөлүүдийн тухай ойлголтыг олон нийтэд хүргэх, цөлжилттэй тэмцэхэд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь ихээхэн чухал гэдгийг эрдэмтэд хэлж байлаа.
Хөрш Хятад улс ч мөн цөлжилт идэвхитэй явагдаж байгаа орны нэг гэдгийг тус улсаас ирсэн эрдэмтэд хэлсэн бөгөөд өнгөрсөн зууны эцэст Хятадад жилд дунджаар 3.436 км газар цөлжиж байсан бол одоо жилдээ 1.174 км газрыг цөлжих аюулаас хамгаалаад байгаа юм. Учир нь тэд цөлжилтийг багасгахын тулд улсын хэмжээнд цөлжилтийг хурдан хугацаанд бууруулах хөдөлгөөнийг эхлүүлсэн байна. Энэ хүрээнд ӨМӨЗО-ы экологийн байгууллагыг дэд бүтцийн хамгийн том байгууллага болгож, иж бүрэн бодлого боловсруулан, цөлжилтийг тогтоон, ойжуулалтыг нэмэгдүүлж эхэлсэн туршлагаа сонирхуулсан.
Хоёр улсын хамтарсан эрдэм шинжилгээний бага хурлын үр өгөөжийн талаар оролцогчдоос тодрууллаа.
Монгол орны цөлжилт нийт газар нутгийн 70 гаруй хувьд хүрээд байна
ХААИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга:
-Өнөөдрийн хурал цаг үеэ олсон чухал арга хэмжээ болж байна. Учир нь дэлхийн дулаарал, байгалийн нөөцийн доройтол, цөлжилтийн асуудал ганц нэг орны асуудал бус бүс нутгийн асуудал болсон. Манай эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаагаар Монгол орны нийт газар нутгийн 70 гаруй хувь нь ямар нэгэн хэмжээгээр цөлжилтөнд нэрвэгдээд байна. Цөлжилтийг бууруулах, байгалийн нөөцийг хамгаалах асуудалд маргааш гэдэг ойлголт байж болохгүй учраас энэ хурлыг бид хамтран зохион байгуулж байна. ӨМӨЗО-ыг судлаачдыг онцлон өнөөдрийн хурлыг хийж буй шалтгаан нь тун тодорхой. Тэд цөлжилттэй тэмцэх төрөл бүрийн арга хэмжээг бодлогоор нарийн арга технологийн дагуу олон жилийн турш судлаж амжилттай хэрэгжүүлээд эхэлчихсэн, үр дүн нь ч харагдаж байгаа юм. Бид энэ туршлагаас нь суралцах, цаашид хамтран ажиллах шаардлага, хэрэгцээ байна. Өнөөдрийн хурал, үзэсгэлэнд Хятадаас Өвөр Монголын ХААИС-ын судлаачид, мөн Өвөр Монголын Бэлчээр, хүрээлэн буй орчны компаны ерөнхий захирал, Монголоос ХААИС-ийн Экосистемийн судалгааны төв, Монгол улсын ШУА-ийн геоэкологийн хүрээлэнгийн судлаачид өөрсдийн судалгааны үр дүнгээс танилцуулж байна. Өвөр Монголын судлаачид элсний нүүдлийг зогсоох, цөлжилтийг бууруулах, говийн экосистем, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж үр дүнд хүрсэн ажлуудынхаа талаар тусгай үзэсгэлэн хэлбэрээр дэлгэн үзүүлсэн нь оролцогсодын сонирхлыг ихэд татаж байна.
Бид элсний нүүдэл буюу цөлжилтөөс хоёр аргаар сэргийлж байгаа
ӨМӨЗО-ы ХААИС-ийн цөлжилтийн эсрэг салбарын багш, доктор Гао Ёон:
-Дэлхийд цөлжилтийн асуудал хурцаар тавигдаж байна. Тухайн бүс нутгийн усны нөөц, уур амьсгал, газар зүйн байршлын харилцан адилгүй байдлаас шалтгаалж цөлжилтөөс сэргийлэх арга бүхэн адилгүй. Гэхдээ бид элсний нүүдэл буюу цөлжилтөөс хоёр аргаар сэргийлж байгаа. Нэг нь ургамал ургалтаар элсжилтийг зогсоох, нөгөөх нь элсэнд хоолой байршуулж тогтоох гэсэн хоёр арга байна. Элсэнд хоолой суулгах арга нь хүчтэй усан буугаар газрыг гүнзгий нүхлээд ургамлаа суулгана. Усан буугаар газрыг нүхлэх үед их хэмжээний ус чийгийг газарт өгдөг болохоор ургамал амьдрах нөхцөл сайн байдаг. Энэ арга нь арай илүү үр дүнтэй. Мөн элсийг тогтоох бүрхэвчийн арга гэж бий. Тэрийг тогтоогоод дээр нь ургамал тарих арга нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга. Өвөр Монголын хойд хэсэг Монголтой хиллэдэг. Газрын онцлог ч ойролцоо учраас эдгээр аргыг Монголд ашиглаж болно.
Элсний нүүдэл гэхээсээ шороон шуурга илүү асуудал болж байгаа
ХААИС-ийн Экосистемийн судалгааны төвийн эрхлэгч Ж.Ундармаа
-Монгол, Хятадын хамтарсан судалгааны ажил хэзээнээс эхлэх вэ. Ямар үр дүнтэй ажил болох вэ. Санхүүжилт нь хаанаас гарах бол?
-Одоогийн байдлаар Монгол, Хятадын хамтарсан судалгааны ажил арай яригдаж эхлээгүй байна. Энэ судалгааны үндсэн чиглэл нь цөлжилтөнд өртсөн, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээхтэй холбоотой судалгаанууд өргөжөөд хийгдэх болов уу.
-Манай улсын газар нутгийн дийлэнх нь цөлжилтөд өртсөн тухай ярихдаа бэлчээрийн доройтлыг онцолж байсан. Энэ тал дээр танай төв ямар судалгаа хийсэн байдаг вэ?
-Монгол Улсын хувьд гэвэл Газар зүй геополитикийн хүрээлэнгийн цөлжилтийн судалгааны төвийн мэдээллээр манай орны 70 гаруй хувь нь цөлжилтөнд өртсөн гэсэн мэдээлэл албан ёсоор гарсан. ХААИС-ийн Экосистемийн судалгааны төв бэлчээрийн экосистемийг судалдаг бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь бэлчээр байдаг. Бэлчээрийг доройтлоор нь бага, дунд, хүчтэй гэж ангилдаг. Үүгээр нийт бэлчээрийн 22,6 хувь буюу 25 сая га нь ямар нэг байдлаар доройтсон гэсэн мэдээлэл байна. Доройтсон бэлчээрийн тэн хагас хувь нь дунд зэрэг, 30 орчим хувь нь бага зэрэг, үлдсэн хэсэг нь хүчтэй доройтсон байгаа. Манай Экосистемийн судалгааны төвийн судалгаагаар хүчтэй болон дунд зэрэг доройтсон бэлчээрийг 15 жилийн турш малын хөлөөс чөлөөлөхөд байгалийнхаа аясаар нөхөн сэргэхгүй байгаа нь тодорхойлогдсон. Үүнээс үзэхэд 25 сая га бэлчээрийн 8-9 сая га нь байгалийнхаа аясаар 2-3 жилд бэлчээрийн менежментийн аргыг хэрэглээд сэргэх боломжтой. Харин үлдэх хэсэг нь уур амьсгалын өөрчлөлтөөс болоод сэргэх боломжгүй болсон гэсэн үг. Тэгэхээр тэр газрыг нөхөн сэргээх шаардлага зайлшгүй гарч ирж байгаа. Тиймээс ӨМӨЗО-ы хэрэгжүүлж байгаа судалгааны үр дүн бол маш их хэрэгтэй байх болно.
-Элсний нүүдлийг тогтоон барих аргын тухай нэлээд ярьсан. Энэ манайд ч бас хамаатай биз?
-Элсний нүүдэл гэхээсээ шороон шуурга илүү асуудал болж байгаа. Хил дамнасан буюу Зүүн хойд Азийн бүс нутгийн байгаль орчны томоохон асуудал нь шороон шуурга. Шороон шуурга хаанаас дэгдээд байна вэ гэхээр манай орны хувьд хамгийн өргөн уудам талбай болох доройтсон бэлчээр байгаа. Уулын ойт хээр, цөлөн хээрийн доройтсон бэлчээрүүдээс хийсч байна. Хоёрдугаарт, уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн талбайнуудаас тодорхой хэмжээнд хийсч байгаа. Гэхдээ ихэнх нь доройтсон бэлчээрээс хийсч байгаа гэдгийг онцгой анхаарах нь зүйтэй болов уу.
Их нууруудын хотгорыг дамнасан Монгол элс орчимд элсний нүүдэл гэдэг асуудал байгаа. Энэ элсний нүүдэл бол уур амьсгалын өөрчлөлтөөс хамаараад агаарын босоо хөдөлгөөнтэй уялдаатай асуудал. Гэхдээ Монгол Улсын хувьд нийтэд нь аваад үзвэл элсний нүүдэл гэхээсээ илүү шороон шуурганы гамшиг их. Шороон шуургатай холбоотйогоор хөрсний үржил шимт давхарга алдагдаж, бэлчээр байгалийнхаа аясаар нөхөн сэргээгдэх боломжгүй болно гэсэн үг.
-Өвөр Монголд хэрэглэж үр дүнд хүрч буй аргуудаас манайд чухам аль нь тохирно гэж та урьдчилсан байдлаар харж байна?
-Өвөр Монгол болон Хятадын хойд бүс нутгаар цөлжилт нэлээн газар авсан гэсэн мэдээ бий. Гэхдээ манай урд хөршийнхөн эрчимтэй арга хэмжээ авч байгаа. Нэгдүгээрт, салхинаас хамгаалах ойн зурвасуудыг байгуулах, элсний нүүдлийг сааруулах гээд олон улсын байгуулагуудын тусламжтайгаар маш олон аргыг нэвтрүүлсэн байна.
Манай өнөөдрийн зохион байгуулж буй хурлын үеэр цөлжилттэй тэмцэж байгаа, хөрсний элэгдэл, салхи, усны элэгдлийг сааруулах, ургамалжуулах зэрэг асуудлын талаар хэрэгжүүлсэн олон эрдэм шинжилгээний ажлуудын үр дүнгээр үзэсгэлэн гаргасан нь тун сонирхолтой байна. Үзэсгэлэнгээс үзэж харсан, судлаач эрдэмтдийн ажлуудаас туршлагаа солилцож их зүйлийг сурна байх гэж бодож байна.