“SATREPS” ТӨСЛИЙН ХАМТАРСАН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 6 ДАХЬ ХУРАЛДААН БОЛЛОО

Нийтлэгч : Х.Цэнгэлтуяа
Огноо: 2018-05-31 17:27:16

ХААИС- ийн харъяа Мал Эмнэлгийн Хүрээлэнд хэрэгжиж байгаа “Монгол оронд тохиолддог малын цусны шимэгч, эгэл биетнээр үүсгэгддэг өвчний тархалтын судалгаа, оношилгооны оновчтой арга боловсруулах нь” SATREPS төслийн Хамтарсан Зохицуулах Хорооны ээлжит хурал 2018 оны 5 сарын 29-ны өдөр боллоо. Энэ удаагийн хуралд Хамтарсан Зохицуулах хорооны дарга, БСШУСЯ-ны Шинжлэх Ухаан, Технологийн Бодлогын Газрын дарга Д.Одгэрэл, ХААИС- ийн Эрдэм Шинжилгээ Эрхэлсэн Дэд Захирал Г. Гантулга, ХХААХҮЯ-ны Бодлого Төлөвлөлтийн Газрын Шинжлэх Ухаан, Технологи, Иновацийн бодлого хариуцсан мэргэжилэн Ч. Долгорсүрэн, Японы ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга Мацүхаши Томоюки, ЖАЙКА Монгол дахь Төлөөлөгчийн Газрын Орлогч Дарга Савада Хироми, Обихирогийн Мал Эмнэлэг, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Эгэл Биетэн Судлалын Үндэсний төвийн профессор Ёошифуми Нишикава, Япон Монгол талын ХЗХ-ны гишүүд болон төслийн багийн судлаачид оролцлоо. 

Хуралд уг төслийн Япон талын удирдагч, Обихирогийн Мал Эмнэлэг, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Эгэл Биетэн Судлалын Үндэсний төвийн Профессор Ёкояма Наоаки, төслийн Монгол талын удирлагч, МЭХ-ийн Захирал Профессор Б.Батцэцэг нар төслийн үйл ажиллагаа, явцын үр дүнг танилцууллаа. Төслийн үр дүнгээр нийт 12 эрдэм шинжилгээний өгүүллийг олон улсын импакт фактортой сэтгүүлд хэвлүүлж, монгол оронд үхэр, адууны хачгийн халуун, адууны нийлүүлгийн өвчний орон нутагт оношлох түргэвчилсэн оношлууруудыг гарган, үхэр, адууны хачгийн халуун, адууны нийлүүлгийн өвчин, малын анаплазмоз өвчинтэй тэмцэх зааврыг боловсруулжээ. Японы ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга Мацүхаши Томоюки болон хуралдаанд оролцогсод төслөөс гарч байгаа түргэн оношилгооны тест, фермент холбоот эсрэгбиемийн урвал зэрэг оношлууруудыг Мал эмнэлгийн оношилгооны лабораториуд болон малын эмч нарын хэрэглээнд нэвтрүүлэхэд анхаарч ажиллах, мөн шинээр батлагдсан хуулийн дагуу Мал эмнэлгийн удирдах газар төслийн үр дүнг эдгээр өвчнүүдтэй тэмцэхэд авч хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Мөн тус төслөөс гарч буй үр дүнг олон нийтэд түгээх, сурталчлах, цаашид япон монголын мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.