Мал эмнэлгийн салбарт мөрдөж байгаа хууль тогтоомжийг шинэчлэн боловсронгуй болгож олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд Швейцарын хөгжлийн агентлаг дэмжлэг үзүүлж, нягт хамтран ажиллаж ирлээ. Энэ оны 06 дугаар сарын 01-ээс мөрдөж эхэлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль нь энэхүү хамтын ажиллагааны нэгэн чухал үр дүн юм. Цаашид мал эмнэлгийн салбарт хууль эрх зүйн шинэ орчныг төлөвшүүлэх чиглэлээр олон ажил хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнд мал эмнэлгийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор Швейцарын хөгжлийн агентлаг Мал эмнэлэг, үржлийн газартай хамтран “Малын эрүүл мэндийн эргэн мөшгих систем” нэвтрүүлэх туршилтын төслийг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ системийг 2018 онд Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Төв аймгийн сонгогдсон 15 суманд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Малын халдварт өвчнийг хяналтад авах, худалдааны хорио цээрт халдварт өвчингүй, тайван байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Мал эмнэлэг, үржлийн газраас багагүй төсөв, хөрөнгө зарцуулан өргөн хүрээг хамарсан арга хэмжээ хэрэгжүүлж байгаа хэдий ч малын гоц халдварт өвчний голомтын тоо нэмэгдэж, тархалтын хүрээ тэлсээр байна. Энэ нь мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмж, малын шилжилт хөдөлгөөний хяналт зарим нутаг дэвсгэрт хангалтгүй байгаатай холбоотой юм. Иймээс анхан шатанд хэрэгжүүлсэн мал эмнэлгийн бүхий л үйлчилгээг системд бүртгэн түүх үүсгэх, улмаар системд бүртгэгдсэн баримт нотолгоонд үндэслэн мал эмнэлгийн гэрчилгээ олгодог болох шаардлагатай болж байна.
Өнөөгийн хэрэглэгчид өөрийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч баталгаатай бүтээгдэхүүн худалдан авахыг эрмэлздэг болжээ. Гэсэн хэдий ч худалдааны хорио цээрт халдварт өвчингүй, тайван нутаг дэвсгэрийг баталгаажуулан нийтэд зарлан мэдээлэх тогтолцоо манай улсад бүрдээгүйн улмаас хэрэглэгчид халдварт өвчингүй, тайван нутаг дэвсгэрээс бэлтгэсэн баталгаатай бүтээгдэхүүнийг тайван бус нутаг дэвсгэрээс бэлтгэсэн эрсдэлтэй бүтээгдэхүүнээс ялган таних боломжгүй байна. Энэ нь мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортод сөрөг нөлөө үзүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг юм.
Малын эрүүл мэндийн эргэн мөшгих систем нэвтрүүлснээр мал эмнэлгийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хэрэгжүүлж байгаа мал эмнэлгийн нэгж, байгууллагын ажлын үр дүнг баталгаажуулах, халдварт өвчингүй, тайван байдлаа тогтвортой хадгалж байгаа аймаг, сумд, нутаг дэвсгэрийг нийтэд зарлан мэдээлэх, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид болон хэрэглэгчдэд шаардлагатай мэдээлэл, баримт нотолгоог дэлгэн харуулах нөхцөл бүрдэнэ.
Энэхүү систем нь малын шилжилт хөдөлгөөнийг хянах, мал, амьтны халдварт өвчнийг тандах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг төлөвлөхөд шаардагдах мэдээллийн санг бүрдүүлэх, мал эмнэлгийн тайлан, мэдээ гаргах үйл ажиллагааг багтаасан цогц систем юм. Мал аж ахуйн салбарын бизнесийн тогтвортой байдлыг хангах, экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү системийг малын эрүүл мэндийг хамгаалах харилцаанд оролцогч бүх талуудад танилцуулах, салбар хоорондын хамтын ажиллагаагаа сайжруулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.
Жич: Малын эрүүл мэндийн эргэн мөшгих системийг танилцуулах арга хэмжээний хөтөлбөрийг эндээс харна уу.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН ГАЗАР
ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН
НОГООН АЛТ – МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД ТӨСӨЛ