БНАСАУ-ын засгийн газрын төлөөлөгчид 2018 оны 06-р сарын 14-нд Хөдөө аж ахуйн их сургуульд зочиллоо. Төлөөлөгчдийн багт:
• Тае Хён Чол /БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын депутат бөгөөд Боловсролын Яамны сайд/
• Пак Хён Риол /БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын депутат/
• Хён Жон Үнь /БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Байнгын Хорооны ажилтан/
• Жон Кёнг Жонг /БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын байнгын хорооны ажилтан/
• Чой Хуо Сён /БНАСАУ-ын элчин сайдын яамны зөвлөх/ нар багтжээ.
Төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Б.Ууганбаяр, Г.Булган нар дагалдан явсан бөгөөд ХААИС-ийн захирал Т.Хэрүүга болон Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Сүхтулга нар төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Тус уулзалтын гол зорилго нь ХААИС-ийн сургалтын үйл ажиллагаа, материаллаг баазтай танилцах, тус сургуулийн эрдэмтэн багш, судлаач нарын ХАА-н чиглэлээр гаргасан ололт амжилт, бүтээлийг үзэж сонирхох явдал байв.
Уулзалтын эхэнд Т.Хэрүүга ХААИС-ийн талаар товч танилцуулга хийж, талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын депутат бөгөөд Боловсролын Яамны сайд Тае Хён Чол нь ХААИС-ийн сургалт, үйлдвэрлэлийн том баазыг түшиглэн Солонгос оюутнууд тус их сургуульд суралцах боломжтой юм хэмээн онцлон тэмдэглэв. Мөн тэрээр ХААИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулах тухай санал тавьж, улмаар засгийн газрын тэтгэлгээр оюутан суралцуулах, оюутан солилцох, хамтарсан судалгаа шинжилгээ хийх боломж байгааг дурдлаа.