Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож буй юм. Түүхт энэ ойн хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулиас Монгол Улсын Зөвлөх инженер, доктор Дамбабазарын Чандманийн хөдөлмөр бүтээлийг алдаршуулах “Усжуулагч эрдэмтэн, Усны нэртэй инженер” эрдмийн чуулганыг өнгөрсөн баасан гаригт “Хатан Туул” театрт зохион байгууллаа. Д.Чандмань доктор байгаль орчны чиглэлээр тэр дундаа усны салбарт тасралтгүй 40-өөд жилийнхээ хөдөлмөрийг зориулсан нэгэн билээ. Эрдмийн чуулганы үеэр түүнтэй уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.
-Хөдөлмөр бүтээлийнхээ их чуулганыг хийж буй танд баяр хүргэе. Ийм сайхан арга хэмжээ зохион байгуулах саналыг танд хэн тавьсан бэ?
-Усны салбарын 80 жилийн ойн хүрээнд Байгаль орчны яамнаас олон ажлыг зохион байгууль буйн нэг нь өнөөдрийн энэхүү Эрдмийн чуулган юм. Үнэхээр сайхан арга хэмжээ зохион байгуулж буй Агроэкологийн сургуулийнхандаа, шавь нартаа баярлаж байна. Шавь нар минь миний нэрэмжит Эрдмийн чуулганыг ХААИС-ийн 60 жилийг угтаад хийе гэсэн саналыг өнгөрсөн хавар тавьсан. Ажил ихтэй гэж цааргалаад эхэндээ зөвшөөрөөгүй ч ойр дотныхон минь хийсэн нь дээр гэж ятгасан болохоор зөвшөөрсөн.
-Та ер нь усны салбартай анх яаж холбогдсон юм бэ?
-1978 онд төгсөх курсийн оюутан байхдаа Дундговь, Өмнөговь хоёр аймгийн зааг дээр анх удаа богино хяндант худаг гаргах багт ажиллаж үзсэн. Энэ бол миний хувьд усны аж ахуйн салбарт хөл тавих эхлэл байжээ гэж боддог. Түүнээс хойш яг 40 жилийнхээ ажил амьдралыг энэ салбарт зориулж явна. Сургуулиа төгсөөд удалгүй 1980 оноос усны хайгуул судалгааны ажил хийдэг болсон. 1990 он хүртэл тасралтгүй арван жил хийсэн дээ.
-Энэ чуулган дээр усны салбарын үйл ажиллагаа, хөдөө аж ахуйн усжуулалт, бэлчээр усжуулалтын ажил, миллирацийн судалгаа зэрэг эрдэм шинжилгээний гурван илтгэл тавьсан. Илтгэлийн сэдвүүдийг таны судалгааны ажлуудтай холбоотойгоор сонгосон байх. Эдгээр чиглэлээр танд хийсэн бүтээл хэр олон байгаа вэ?
-Миний хувьд “Миллираци буюу усны хайгуул судалгаа” нэртэй нэлээд нарийн судалгааны ном гаргасан. Усжуулалтын асуудал, усалгаатай газар тариалан, бэлчээр усжуулалт зэрэг сэдвээр 34 ном, 100 гаруй эрдэм шинжилгээний бүтээл бичиж, 100 гаруй илтгэл англи, монгол хэл дээр тавьсан гэсэн статистик бий. Ер нь миний хийсэн бүтээлүүд, судалгааны ажил бүгд устай холбоотой. Тэгээд ч тэр үү намайг “Усны Чандмань” гэцгээдэг юм шүү дээ.
-Та их олон шавьтай бололтой. Энэ чуулганд ирсэн хүмүүс бараг бүгд таныг багшаа хэмээж байна. Эрдмийн чуулганд зориулж бүтээлүүдээсээ гадна шавь нартаа зориулсан онцгой ямар нэг зүйл бэлтгэсэн үү?
-Би ХААИС-д 1995 оноос эхлээд 12 жил багшилж усалгаатай газар тариалан, бэлчээр усжуулалтаар мэргэжилтэн бэлтгэсэн хүн. Гурван анги бие даан төгсгөж 100 гаруй гарын шавьтай болж 660-аад оюутанд хичээл заасан байдаг юм. Энэ эрдмийн чуулганд тэр үед хэрэглэж байсан журналуудаа авчирсан нь нэлээд сонин байх шиг байна даа.
-Таныг Өмнөговь аймагт ажиллаж амьдарч байгаа гэсэн. Ямар ажил хийж байгааг тань сонирхож болох уу?
-Сүүлийн дөрвөн жил Өмнөговь аймагт ажиллаж амьдарч байна. Алтайн өвөр говийн сав газрын захиргааны даргын алба хашиж байгаа. Энэ газар бол усны салбарын хамгийн анхан шатны нэгж юм. БОАЖЯ төрийн тусгай хамгаалалттай газар, усны сав газар гэсэн олон салбар байгууллагатай. Тэдний нэг нь орон нутагт байдаг хамгийн жижиг байгууллага болох Алтайн өвөр говийн сав газрын захиргааг удирдаж байгаа юм.