БНСУ-ЫН ВОНГУАН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Нийтлэгч : .
Огноо: 2018-06-25 18:53:07

Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль БНСУ-ын Вонгуан их сургуультай хамтран ажиллахаар өнөөдөр Санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Монголын талаас ХААИС-ийн захирал Т.Хэрүүгэ, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Сүхтулга, Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар, Агроэкологийн сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал Т.Насанжаргал, гадаад харилцааны мэргэжилтэн Б.Бүрэнзаяа, БНСУ-ын талаас Вонгуан их сургуулийн захирал Ким Ду Жун, тус сургуулийн тэнхимийн эрхлэгч Жон Хан Бае, нарийн бичгийн дарга Ли Донг Ёол нар оролцсон.

Т.Хэрүүгэ захирал Санамж бичиг байгуулсныг баталгаажуулан гарын үсэг зурсны дараа хэлсэн үгэндээ Вонгуан их сургуулийн Монгол Улсын эрүүл мэнд болон боловсролын салбарт  хийж гүйцэтгэх ажлыг ХААИС дэмжиж хамтран ажиллах гэж байгааг онцлоод “Вонгуан” гэж нэрийн доор үйл ажиллагаа явуулж байгаа эрдмийн хамт олон, соёл, боловсролыг дэмжих сан, эмнэлэг, бүрэлдэхүүн сургуулиуд гээд бүх чиглэлээр хамтын ажиллагаа өргөжиж буйд талархал илэрхийллээ. Тэрбээр “Мал, ургамал эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл гэсэн энэ уялдаа холбоог ХААИС баримталдаг бөгөөд өнөөдрийн бидний гарын үсэг зурсан хамтын ажиллагааны хүрээнд төсөл судалгааны ажил ч цөөнгүй хийх байх. Энэ сарын 1-нээс манайд Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай гэсэн хөдөө аж ахуйн салбарт чухал үүрэгтэй хоёр том хууль хэрэгжиж эхлээд байна. Монгол 66.5 сая толгой малтай. Өнгөрсөн хавар 20 сая төл хүлээж авсан. Жилд хүнсэндээ 10 орчим сая толгой мал хэрэглэдэг.

Монгол улс 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Энэ газар нутгийн 4/1-тэй тэнцэх хэсгийг газар тариаланд ашиглаж байгаа. Тийм учраас манай хоёр сургуулийн хувьд хөдөө аж ахуйн салбарт хамтарч хийх судалгааны болон инновацийн сургалттай холбоотой их олон ажил байна. Манай Засгийн газрын хөдөө аж ахуйн салбарт барьж байгаа бодлого нь өв соёл, заншил дээр суурилсан бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх, хот суурин газар, газар тариалангийн бүс нутагтаа эрчимжсэн мал аж ахуй, эрчимжсэн газар тариаланг хөгжүүлэх бодлого барьж байгаа.

Өнөөдөр Монгол Улсад 95 их, дээд сургууль байгаагаас хөдөө аж ахуйн чиглэлийн сургууль нь ганцхан манайх. Тиймээс Монгол Улсын Засгийн газар хүнс, хөдөө аж ахуйн салбартаа тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийн шийдлүүдийг биднээс, манай сургуулийн эрдэмтэн профессоруудаас хүлээдэг учраас бид өнөөдөр гарын үсэг зурж баталгаажуулсан энэхүү Санамж бичгийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлууд Засгийн газрынхаа бодлогыг дэмжиж, гаргасан шийдвэрүүдийг  хэрэгжүүлэх хариуцлатай хамтын ажиллагаа болж байна.

Монгол орон эрс тэс уур амьсгалтай, дөрвөн улиралтай. Говь, тал, хээр, ойн бүстэй. Тэдгээрээс ойтой холбоотой асуудал Засгийн газрын хувьд тулгамдсан эмзэг асуудлын нэг болоод байгаа. Энэ тал дээр мөн та бүхэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээсэн.

Вонгуаны их сургуулийн захирал Ким Ду Жун хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар хөдөө аж ахуй, үйлдвэр техникийн чиглэлээр хамтран ажиллахаас гадна соёлын хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломж бүрдэж буйд талархал илэрхийлээд “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, соёл гэсэн гурван ойлголт нэгдэж байж нэг цогц хөгжил ирдэг. Хөдөө аж ахуйн тэр дундаа газар тариалангийн хөгжлийг  түргэсгэх гол түлхүүр нь үрийн үйлдвэрлэл. Тиймээс үрийн үйлдвэрлэл, хүнсний ногооны үр үйлдвэрлэх чиглэлээр ХААИС-тай хамтарч ажиллах сонирхолтой байна. Солонгосын хувьд хүн амаа хүнсний гол хэрэгцээ цагаан будаагаар хангахын тулд цагаан будааны үйлдвэрлэлийг дэмжих бодлого явуулсан. Тэр бодлогын хүрээнд 100 хувь дотоодын хэрэглээгээ хангадаг улс болж чадсан. Дотоодын хэрэгцээгээ хангаж чаддаггүй, гол хэрэглээгээ дотооддоо үйлдвэрлэж чаддаггүй орны хөгжил их удаан байдаг. Солонгосын хөгжил цагаан будааны хэрэглээгээ хангаж чаддаг болсон үеэс эрчимжиж эхэлсэн. Засгийн газрын  цагаан будааны бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн хүрээлэн бол Ихсан хотод буюу манай сургуульд байдаг. Ихсанд ажиллаж байгаа ажиллагсдын тал хувь нь манай Вонгуаны төгсөгчид. Манай сургуулийн дэргэд Солонгосын түүхтэй холбоотой үрийн үйлдвэрлэлийн том компани бий.

Манай улсын хувьд дэлхийн дулааралтай холбоотойгоор газар тариаланд ашиглаж болохуйц талбай жил ирэх тусам багасаж байгаа нь тулгамдсан асуудлын нэг юм. Дэлхийн улс орнуудад цөлжилтийн талаар эрчимтэй ярьж байгаа. Цөлжилтийг сааруулахын тулд газар тариалан, ойн зурвас ашиглахад мод тарих ажил их чухал. 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутагтай Монголын хувьд дэлхийн дулаарал, дэлхийн цөлжилтийн эсрэг түүхэнд бичигдэхүйц олон судалгааны гол төв болоход их тохиромжтой. Манай хоёр сургуулийн баазуудыг түшиглээд дэлхийн түүхэнд бичигдэх томоохон судалгааны ажлуудыг хийх боломжтой болж буйд их талархалтай байна.

Манай сургуулийн хувьд өмнө нь Дундад Азид чиглэсэн Засгийн газрын төлөвлөгөөт төслүүдийг хариуцан ажиллаж байсан туршлагатай. Бидний Монголд эхлүүлж байгаа энэ ажлын гол зорилго нь хотуудын хоорондох төв хот гэсэн байгууллага юм. Их сургуулийн гэхээсээ илүү хот хоорондын хамтын ажиллагаа байна гэсэн утгатай юм. Энэ ажлын онцлог нь улс хооронд худалдаа үйлдвэрлэлийн чиглэлийн гэрээ байгуулж байсан бол одоо хотууд хоорондоо ийм гэрээ хийх боломж бүрдэнэ. Ингэснээр хотуудын хөгжил сайжирна. Жишээ нь, Ихсан-Улаанбаатар хоёр хамтын ажиллагааны гэрээ байгуулвал Ихсан хотын иргэд Улаанбаатарт аяллаар ирэхэд хөнгөлттэй үнээр үйлчлэх зэрэг заалтуудыг гэрээнд оруулсан байгаа. Улаанбаатарын иргэд Ихсанд очиход ч бас мөн адил байх боломжтой.  Хотуудын хамтын ажиллагаанаас улбаалаад их хотын иргэд соёлоо солилцох боломж бүрдэнэ. Их хотын хүмүүсийн хоорондын амьд харилцааг бий болгоход манай хоёр сургуулийн хувь нэмэр их байна гэж үзэж өнөөдрийн бидний хамтын ажиллагааны гэрээнд  бүгдийг нь тусгасан” хэмээн ярьсан юм.

Вонгуаны их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд соёлын чиглэлээр хэд хэдэн зүйлийг тусгасан бөгөөд  Ким Ду Жун захирлын хэлснээр тус сургуулийн санаачилгаар Ихсан хотынхоо түүхэнд дурсагдах, олонд үлгэр жишээ болсон алдартай хүмүүсээр баримтат кино хийх гэж байгаа бөгөөд энэ бүтээлд Улаанбаатар хотын алдартнуудыг багтаах боломжтой гэсэн. Үүний тулд алдартай хүмүүсээсээ ярилцлага авч, видео бичлэг хийж илгээгээч гэсэн хүсэлт тавьсан. Түүний хэлж буйгаар энэ нь жирийн нэг  иргэн улс орныхоо төлөө, нийгмийн төлөө хийсэн эдгээр зүйлүүдийг хүлээж аваад  дараагийн бизнес санал, хамтын ажиллагаа, солилцоо чөлөөтэй явах боломжтой аж.

Вонгуан их сургуулийн гол зорилго нь бүх тэнхим тухайн мэргэжлийн онцлогийг харуулсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг бөгөөд их сургууль бол үйлдвэрлэл төвтэй сургалт судалгаа явуулдаг байх ёстой гэсэн зарчимтай. Цаашдаа ХААИС-ийн оюутнууд хамтын ажиллагааны хүрээнд Вонгуаны их сургуульд мэргэжил дээшлүүлээд үнэмлэх сертификаттай болвол Ихсан хотод ажилд орох боломжоор хангах боломжтой тухай ч ярьсан. Ихсан хот үйлдвэрлэлийн хот. Ялангуяа хүнсний чиглэлийн үйлдвэрүүд Ихсанд төвлөрсөн нь ийм боломжийг олгоно хэмээн үзэж буй аж. Вонгуан их сургуулийн оюутнуудыг ХААИС-д үйлдвэрлэл, технологийн талаар мэргэшүүлэх танилцуулах зорилгоор оюутан солилцох талаар судалж байгаа гэсэн.

Түүнчлэн Вонгуан их сургуулийн газар тариалангийн салбарынхан газар тариаланг үйлдвэрлэлтэй холбох чиглэлийн сургалт судалгааг түлхүү явуулдгийг ашиглаад богино хугацааны оюутан  солилцооны хөтөлбөрийг ХААИС-д зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ хоёр сургуулийн удирдлагууд ярилцлаа.