“НАРМАНДАХ” САНГИЙН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

Нийтлэгч : .
Огноо: 2018-10-19 11:28:33

“Нармандах сан”-гаас хоёр жил тутам явуулдаг мал эмнэлэг, биотехнологийн чиглэлийн залуу судлаачдын  шилдэг бүтээл шалгаруулах  эрдэм шинжилгээний  тавдугаар бага хурал  2018 оны 10-р сарын 17-ний өдөр ХААИС-ийн эрдмийн зөвлөлийн танхимд боллоо. “Нармандах” сан БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн  бодлогын газар, ХААИС-тай хамтран 2010 оноос хойш зохион байгуулж байна.

Энэ удаагийн шалгаруулалтанд Их, дээд сургууль болон судалгааны байгууллагуудын   докторант, докторын зэрэгтэй залуу судлаачдын 20  орчим  бүтээл иржээ.

Шүүгчид онол практикийн ач холбогдол, шинэлэг дэвшилттэй тал, туршилт, сорилтоор баталгаажсан байдал, эдийн засаг, нийгмийн ач холбогдол гэсэн дөрвөн шалгуур үзүүлэлтээр 2-6 оноогоор байр эзлүүлсэн.

Тэргүүн байрыг ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш доктор Э.Ууганцэцэгийн “Ингэний хоормогноос ялгасан уураг задлах идэвхитэй сүүн хүчлийн бактерийн ангиотензин хувиргагч ферментийг дарангуйлах идэвхийн судалгаа”

Дэд байрыг АШУҮИС-ийн багш доктор Ц.Алтансүх “Лактобионы хүчил холбоот ТПГС нанопартикалиар элэгний эсийн хавдрын эсрэг этопозидын эмчилгээний идэвхийг нэмэгдүүлэх нь”

Гуравдугаар байрыг  Мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаач доктор Б.Бүрэнбаатарын “Малын паразитын эсрэг үйлчилгээтэй тарилгын ивомик бэлдмэлийн технологи боловсруулсан нь”

Шагналт байранд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш доктор П.Эрдэнэтогтохын “Үнээний өндгөн эс митохондрийн идэвхи болон хүчилтөрөгчит нэгдлийн хуримтлалд астаксантин бодисын үзүүлэх нөлөөг судалсан дүн”

Мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаач доктор Д.Будрагчаагийн “Хүхэрээр баяжуулсан алкил полисахаридын вирусын эсрэг идэвх ба үйлдлийн механизм”  сэдэвт бүтээлүүд шалгарсан.

Хурлыг нээж “Нармандах сан”-гийн тэргүүн, академич Ш.Дэмбэрэл оролцогч нарт амжилт хүсээд “Шинжлэх ухааны ээдрээтэй асуудлуудын учир зангилааг ухан тайлж, мэдлэгт тулгуурласан үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлэх, түүний онолын үндэсийг боловсруулах зэрэг  бие, оюуныг чилээсэн амаргүй ажилд хүчин зүтгэхээр зориг шулуудан ажиллаж байгаа олон олон залуустаа урам өгөх тэдний бүтээлийг олон нийтэд сурталчилах, бага ч болов санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр хоёр жил тутамд хийдэг “Нармандах сан”-гийн нэрэмжит шилдэг бүтээл шалгаруулах арга хэмжээ тав дахь удаагаа Хөдөө Аж Ахуйн Их Сургууль үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн босгон дээр  зохион байгуулагдаж байна. Шилдэг бүтээлийн шалгаруулалтад ирүүлсэн бүтээлүүдийн арга зүйн төвшин, онолын сэтгэлгээ  дээшилж, амжилт үзүүлсэн судлаачид эрдмийн ажлаа үргэлжлүүлэн,  үр дүнгээрээ дараагийн  арга хэмжээнд  давтан оролцдог  боллоо. Энэ бол залуу докторуудын маань эрдмийн ажилд тууштай, тэвчээртэй  хандаж, ахиж, дэвшиж  буйг харуулах  сайн хандлагын  нэг гэж  олзуурхаж байна” гээлээ.

Мөн энэ удаагийн шалгаруулалтанд зориулж, шагналт байр 2-ийг  нэмж бий  болгохоор Удирдах зөвлөлөөс шийдсэн. Энэ нь шинжлэх ухаанд гаргасан зам мөр, мэдлэг, туршлагаа залуу судлаач-шавь нартаа өвлүүлэх үйл ажиллагааг нэр төртөй биелүүлж  буй эрдэмтэн профессор, багш нарт  зориулан шагналын  30 хувийг олгох болсныг тэрээр онцолсон юм.