БНХАУ-ын Ухань хотод энэ сарын эхээр “Хөдөө аж ахуйн их сургуулиудын олон улсын захирлуудын хурал” болж ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал Б.Баасансүх нар оролцоод ирлээ.
Төв Хятадын Хөдөө аж ахуйн их сургуульд зохион байгуулагдсан Олон улсын захирлуудын хуралд “Дээд боловсрол ба шинжлэх ухаан”, “Их сургуулиудын зорилго ба дээд боловсролын хөгжил”, “Хөдөө аж ахуйн дээд боловсролын ирээдүйн чиг хандлага”, “Дээд боловсрол ба эдийн засаг, нийгмийн хөгжил” зэрэг сэдвээр 10 гаруй орны Хөдөө аж ахуйн их сургуулиудын захирал, дэд захирлууд илтгэл тавин, санал бодлоо солилцлоо.
Энэ үеэр ХААИС Төв Хятадын Хөдөө аж ахуйн сургуулийн Эдийн засаг, менежментийн сургууль, Өвөрмонголын Бугатын Багшийн сургуулийн Эдийн засгийн сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт Төв Хятадын Хөдөө аж ахуйн сургуультай Торгоны зам дагуух Монгол, БНХАУ, ОХУ-ын их сургуулиудын нэгдсэн холбоонд элсэн, “Нэг бүс-Нэг зам” хөтөлбөрт олон улсын хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, магистр докторын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, судлаачдыг хамруулах, олон улсын эрдэмтдийн “Think tank” холбоо байгуулах ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцжээ.