Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төв 2017 онд ХААИС-иас зарласан судалгааны сонгон шалгаруулалтад “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн шинжлэх ухааны үндэслэл боловсруулах” сэдэвт төслөөр шалгарч байсан билээ. Энэ төсөл нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, нийтлэг арга зүйн дагуу хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдалд шинжилгээ хийж, цаашдын тогтвортой хөгжлийн шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж, Хөдөө аж ахуйн их сургууль, түүний харъяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, бүрэлдэхүүний сургуулиуд болон судалгааны төвүүдийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, БСШУСЯ болон ХХААХҮЯ-ны бодлогод зөвлөмж болгон тусгуулах зорилго тавьсан.
Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн эдийн засаг, нийгэм, байгаль орчны хүчин зүйлс хоорондоо нягт уялдаатай байдаг. Эдгээр хүчин зүйлсийг цогц байдлаар авч үзэж, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн шинжлэх ухааны үндэслэлийг иж бүрэн боловсруулахад салбарын шинжлэх ухааны төрөл бүрийн мэргэжлийн багш, судлаачдын хамтын оюуны хүч, нөөц боломжийг төвлөрүүлэн ажиллаж, эхний ээлжинд тус салбарын хөгжлийн өнөөгийн хүрсэн түвшинд тал бүрээс дүн шинжилгээ хийсэн судалгааны тайланг “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар: хөгжлийн төлөв байдал” нэртэйгээр бүтээл болгон гаргалаа.
Мөн ойрын хугацаанд “Монгол Улсын хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн шинжлэх ухааны үндэслэл” бүтээлийг нийтийн хүртээл болгохоор ажиллаж байгаа юм байна.