“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци 2018” үндэсний чуулганыг ХХААХҮЯ, БСШУСЯ, ХААИС, ШУТИС хамтран өнөөдөр /2018.11.6/ Корпорэйт Конвейшн центрт зохион байгууллаа. Чуулганд төрийн байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны хүрээлэнгүүд, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчид зэрэг 200 гаруй төлөөлөгчид оролцлоо. ХХААХҮЯ-ны захиалгаар ХААИС-ийн дэргэдэх “S” филмийн бүтээсэн Инновацийн тухай нэвтрүүлгээр чуулганыг нээсэн юм.
Үндэсний чуулганы нэгдсэн хуралдаанаар салбарын хөгжил, цаашдын бодлого, шинжлэх ухаан, инновацийн ололт амжилт, хүнс, мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, ургамал хамгаалал, хөнгөн үйлдвэрийн салбарын хэтийн төлөв зэрэг илтгэлүүд хэлэлцүүлэгдэх бөгөөд энэ нь Засгийн газраас хэрэгжүүлж буй гурван тулгуурт хөгжлийн бодлого, тэр дундаа аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал руу чиглэнэ гэж зохион байгуулагчид онцолж байлаа. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар төрийн бодлого тодорхойлогчид, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, эрдэмтэд, судлаачид, бизнес эрхлэгчид нэгдсэн хэлэлцүүлэг хийлээ.
Мөн энэ үеэр ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш нарын бүтээлүүд, Ургамал газар тариалангийн хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Хонины ноосон бүтээгдэхүүний “Могол ноос” ХХК, “Талх чихэр ХХК” Онцгой бренд, “Говь” ХХК, “Тэсо” корпораци Зөв аарцны ундаа, “Өгөөж” ХХК, “Три флэймс” ХХК Хадлан дээл зэрэг бүтээгдэхүүнүүдээр салбарын эрдэмтэд үзэсгэлэн гаргалаа.
Салбарын шинжлэх ухаан, технологийн үр дүнгээс дурдвал, газар тариалангийн үйлдвэрлэлд үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний 160 гаруй сортыг бий болгож, үйлдвэрлэлд хэрэглээ болгосон. Мал аж ахуйн салбарт дэлхийн бусад улс орны малаас өвөрмөц байдлаараа ялгарах үндэсний 47 үүлдэр, омог, хэвшлийн малыг баталгаажуулан үндэсний баялаг болгон ашиглаж байна. Монгол малын генетик нөөцийг хадгалж хамгаалах, биотехнологийн зарим ололтыг мал аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, малын үржил, селекцийн ажлыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт шинээр байгуулж, ашиглалтанд орууллаа. Мал эмнэлгийн салбарт дэлхийн шинжлэх ухааны 4 нээлтийг бүртгүүлж, малын эмчилгээний 60 гаруй вакцин, оношлуур, 70 гаруй эм, био бэлдмэлийг бий болгосон ба Биокомбинатад технологийн томоохон шинэчлэлийг хийхээр төлөвлөж байгаа юм байна.