Бүгд найрамдах Чех улсын Хамтын ажиллагаа, хөгжлийн агентлагын санхүүжилтээр “People in Need” /PIN/ байгууллага, ХААИС-ийн МААБС, БНЧУ-ын ХААИС хамтарсан “Бэлчээрийн мал аж ахуй, зэрлэг ан амьтны харилцан үйлчлэлийг судлах” төсөл 2017 оноос эхлэн хоёр жилийн хугацаатай хэрэгжсэн. Уг төсөл өнөөдөр /2018.11.14/ хаалтаа хийн Биологи-Агнуур зүйн хөтөлбөрт 26 сая төгрөгний иж бүрэн судалгааны тоног төхөөрөмж бэлэглэх үйл ажиллагаа боллоо.
Манай улсын мал сүргийн тоо толгой олширсноор бэлчээр доройтож, зэрлэг ан амьтдын идээшэл нутаг хумигдаж, хомсдолд орсон энэ цаг үед бэлчээрийн мал сүрэг, зэрлэг ан амьтдын харилцан уялдааг судлах, оновчтой зохицуулалт ур чадвар олгох, энэ чиглэлд мэргэжилтэн бэлтгэж байгаа хөтөлбөрүүдийг чадавхжуулах нь төслийн зорилго байсан юм. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Биотехнологи-Үржүүлгийн тэнхмийн Биологи-Агнуур зүйн хөтөлбөрийн багш В.Энхчимэг, Ч.Ууганбаяр, Э.Магсаржав нар 2 жил гаруй хугацаанд ажилласан байна. Төслийн хугацаанд БНЧУ-ын ХААИС болон манай сургуулийн багш нар харилцан туршлага солилцож, 2 удаа зуны сургалт зохион байгуулж 100-гаад оюутанг хамруулсан байна.
Төслийн хаалт, судалгааны багаж хэрэгсэл бэлэглэх арга хэмжээнд Монгол улсад суугаа Бүгд Найрамдах Чех улсын элчин сайдын орлогч Олдржих Заяычек, “People in Need” байгууллагын төлөөлөгч Марк Тассэ, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ хариуцсан захирал профессор Г.Гантулга, Гадаад хамтын ажиллагааны албаны дарга Ц.Сүхтулга, МААБС-ийн захирал доктор О.Баатарцогт тэргүүтэй эрдэмтэн багш нар болон Биологи-Агнуур зүйн хөтөлбөрөөр суралцагч оюутнууд оролцов.
Зэрлэг ан амьтдын мониторинг, тооллого судалгаа хийх Сanon, Nikon брэндийн хоёр нүдний дуран, алсын зайн ажиглалтын дуран, автомат камер, мэргэжлийн гэрэл зургийн аппарат, зай хэмжигч дуран, мэрэгчдийн амьд баригч, шувуу барих тор, шувууны хэмжилтийн багаж гэх мэт 20 гаруй багаж хэрэгсэл, мэргэжлийн ном зохиолыг бэлэглэсэн.