Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 тоот тогтоолын дагуу шинжлэх ухааны салбарын “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг жил бүрийн 11 сард тэмдэглэн өнгөрүүлдэг болоод 18 жил болж байна. Энэ жил “Шинжлэх ухаан мэдлэгийн үйлдвэрлэл” уриатай зохион байгуулж, албан ёсны үйл ажиллагаа "Шинжлэх ухаан, тeхнологи, инноваци 2018" үзэсгэлэн 2018.11.21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Эрдэмтэн, судлаачид инновацийн үзэсгэлэнгээрээ дамжуулж шинжлэх ухааны салбарын дэвшил, шинэ нээлт, ололт, үр дүн, амжилтаа нэгтгэн дүгнэж, харилцан мэдээлэл солилцож, бүтэн жилийн мэдлэг, оюуны хөдөлмөрөө ард олондоо дэлгэн танилцуулахаас гадна шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэл тогтоох, инновацийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах худалдан авалтаар дэмжих зорилготой юм.
СТӨ-ний Уран зургийн галерейд нээгдсэн үзэсгэлэнд төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний 35 байгууллагаас гадна хүрээлэн, их сургуулийн дэргэдэх 25 гарааны компани, Засгийн газрын хэрэгжүүлэгч 4 агентлаг, хувийн хэвшлийн 29, гадаадтай хамтарсан 18 төслийн удирдагч, зэрэг Монгол Улсын шинжлэх ухааны салбарыг түүчээлэгч 120 байгууллагын 1500 орчим нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүнээрээ оролцлоо.
Үзэсгэлэнд ном, товхимол, урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, вакцин, оношлуур , биологийн идэвхит бүтээгдэхүүн, шинэ эм бэлдмэл, малын эм бэлдмэл, вакцин, оношлуур, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ургамал хамгаалал, пестицид, бордоо, эрчимжсэн мал аж ахуй /малын үүлдэр, угсаа/, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, ХАА-н техникийн үйлдвэрлэл, барилгын материал, био халаагуур, сэргээгдэх, эрчим хүч, уул уурхайн нөхөн сэргээлтийн технологиуд, загвар, байгаль орчинд халгүй технологи, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, шинэ материал, үнэт метал, газрын ховор элемент, мэдээллийн технологийн чиглэл зэрэг шинжлэх ухааны 6 салбарын бүтээгдэхүүн, технологи, загварууд тавигдсан байлаа.
Шинжлэх ухааны ажилтны баярын хурал 11-р сарын 23-нд Корпорейт Конвейшн центрт болсон. Уг хурлыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нээж, “Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 97 жил, шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээг хувиасаа болон Засгийн газрын нэрийн өмнөөс дэвшүүлье. Манай эрдэмтэд, судлаачид энэ онд бүтээл туурвил, амжилт ололтоор дүүрэн байж, шинжлэх ухааны төдийгүй эх орныхоо хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц шинэ шинэ мэдлэгийг бүтээж чадсаныг энэхүү баярын өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна. Сүүлийн жилүүдэд Монголын эрдэмтдийн бүтээл гадаад ертөнцөд танигдаж 10 гаруй жилийн дотор гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо 3.8 дахин өссөн төдийгүй жилийн дундаж өсөлт нь 14 хувь байна. Скопуст бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж буй бүтээлийн тоогоор Монгол Улс Азийн эхний 20 улсын эгнээнд батаж байгаа нь манай эрдэмтдийн бүтээлээс 33.0 мянган удаа ишлэл хийсэн байна” гэлээ.
Жил бүрийн шинжлэх ухааны ажилтны өдрөөр оны шилдэг бүтээлийн шагналыг олгодог уламжлал ёсоор нэгдсэн арга хэмжээний үеэр шилдгүүдээ шагналаа. БСШУСЯ-ны 2018 оны Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн тэргүүн байрын эзнээр “Нүүрсний хими ба технологи” бүтээлээр ШУА-ын харьяа Химийн технологийн хүрээлэнгийн доктор /Sc.D/ Б.Авид, дэд байрт “Баргын түүх угсаатны зүй” бүтээлээр ШУА-ын харьяа Түүх архелогийн хүрээлэнгийн доктор /Ph.D/, профессор Г.Мягмарсамбуу мөн “Оновчлолын эдийн засаг ба тоглоомын онол дахь хэрэглээ” бүтээлээр МУИС-ийн доктор /Sc.D/ Р.Энхбат ахлагчтай баг шалгарч шагналаа гардлаа.
Харин гуравдугаар байрт “Гильберт төрлийн операторын оптималзаагийн судалгаа” бүтээлээр МУИС-ийн харьяа Математикийн хүрээлэнгийн доктор /Ph.D/ Ц.Батболд мөн “Вольтерийн операторын онолын судалгаа” бүтээлээр ШУТИС-ийн доктор /Sc.D/ Д.Цэдэнбаяр, “Ургамал тарималшуулах судалгаа” бүтээлээр ХААИС-ийн доктор /Ph.D/ Х.Жамьяандорж, доктор /Ph.D/ Х.Баярмаа, судлаач Н.Саарал, МУИС-ийн доктор /Sc.D/ Ц.Цэндээхүү нар тус тус шагнагдлаа.
Тусгай байрт “Ойн нэвтэрхий толь” бүтээлээр ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэмтдийн баг, мөн ШУТИС-ийн доктор /Ph.D/ Б.Эрдэнэбат, судлаач Н.Батхүү, судлаач Г.Билгүүн нар “Ой хээрийн түймрийг зайнаас тандан мэдээлэх технологийн шийдэл ВВ-Х1” бүтээлүүд тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал гардлаа.
Шинжлэх ухааны академи болон Дэлхийн хөгжиж буй орнуудын шинжлэх ухааны академийн 2018 оны “Шилдэг залуу судлаач”-ийн шагналаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Монгол Улсын Төрийн шагналт, доктор /Ph.D/ профессор Ч. Алтаннар, болон Шинжлэх ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор /Ph.D/ Д.Гантулга нар тус тус шагнагдлаа.