“ОХУ, СИБИРИЙН БҮС НУТАГ, МОНГОЛ, КАЗАХСТАН, БОЛГАР, БЕЛАРУСЬ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ШИНЖЛЭХ УХААНЫ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ”сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 21 дэх удаагийн бага хурал маргааш /2018.9.20/ ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд болно. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө улс орнуудын нийгэм эдийн засгийн хөгжил, түүний дотор хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлд улам бүр сөрөг нөлөө үзүүлэх болсон. Энэ цаг үед, хөрш зэргэлдээ, ижил, төстэй уур амьсгалын нөхцөлд оршдог улс орнуудын ХАА-н толгойлох шинжлэх ухааны байгуулагуудын төлөөлөл нэг дор цугларч, салбарын хөгжлийн тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх арга зам, байгальд ээлтэй, ногоон, дэвшилтэт технологийг нутагшуулах талаар нухацтай ярилцах, харилцан туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлын талаар ярилцаж, тохиролцохоор цуглараад байна.
Уг олон улсын бага хурал анх ОХУ-ын ХАА-н шинжлэх ухааны академийн Сибирийн салбар (одоогийн ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн агробиотехнологийн шинжлэх ухааны төв), Монгол улсын ХАА-н шинжлэх ухааны академийн санаачилгаар 1997 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд уг бага хурлын үйл ажиллагаанд Казахстан, Болгар, Беларусь, БНХАУ зэрэг орны ХАА-н шинжлэх ухааны толгойлох байгууллагууд нэгдэн, энэ жил 21 удаагаа чуулах гэж байна. Өнөөдрийн олон улсын бага хуралд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн бүс нутгийн агробиотехнологийн шинжлэх ухааны төв, Красноярскийн ХААИС, Эрхүүгийн ХААИС, Бурятын ХАА-н академи, Якутын ХАА-н Эрдэм шинжилгээний хүрээлэн, Казахстан улсын Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, мөн улсын Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, БНХАУ-ын Хэй Лөн Жианий ХАА-н шинжлэх ухааны академи зэрэг эрдэм шинжилгээний 11 байгуулагыг төлөөлсөн гадаадын 20 гаруй судлаачид, Монгол улсын ХАА-н толгойлох эрдэм шинжилгээний байгууллага ХАА-н ШУА, ХААИС-ийн эрдэмтэд, судлаачид оролцож, судалгааны ажлын сүүлийн үеийн үр дүнгээ танилцуулах гэж байна.
Аливаа улс орны хөгжлийн зангилаа асуудлыг цаг алдалгүй оновчтой бөгөөд үр дүнтэй шийдвэрлэхэд шинэ мэдлэг, инноваци, дэвшилтэд технологи онцгой үүрэгтэй бөгөөд даяарчлагдаж буй өнөө үед асуудлыг нэг улс орны хэмжээнд бус бүс нутгийн хэмжээнд цогцоор нь шийдвэрлэх нь чухал ач холбогдолтой. Уг олон улсын бага хурал хөрш зэргэлдээ орших 5 улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.
Энэ удаагын олон улсын бага хурлаар ХАА-н тогтвортой хөгжлийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, дэлхийн дулаарлын үр нөлөөг бууруулах, ХАА-н үйлдвэрлэлд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох технологи боловсруулах, нутагшуулах, бүс нутгийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг нухацтай хэлэлцэж, асуудлын шийдэл, гарцыг тодорхойлсон үр дүнтэй арга хэмжээ болно гэж найдаж байна.