ТАВАН УЛСЫН ЭРДЭМТЭД ЧУУЛЖ БАЙНА

Нийтлэгч : .
Огноо: 2018-09-20 18:12:02

Монгол, ОХУ, Казахстан, Болгар, Беларусь, БНХАУ-ын ХАА-н шинжлэх ухааны байгууллагууд нэгдэж өнөөдөр /2018.9.20/ ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд “ОХУ, Сибирийн бүс нутаг, Монгол, Казахстан, Болгар, Беларусь улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 21 дэх удаагийн бага хурлыг амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн олон улсын бага хурлаар ХАА-н тогтвортой хөгжлийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, дэлхийн дулаарлын үр нөлөөг бууруулах, ХАА-н үйлдвэрлэлд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох технологи нутагшуулах, бүс нутгийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар илтгэл тавьж, санал солилцлоо.  

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн бүс нутгийн агробиотехнологийн шинжлэх ухааны төв, Красноярскийн ХААИС, Эрхүүгийн ХААИС, Буриадын ХАА-н академи, Якутын ХАА-н Эрдэм шинжилгээний хүрээлэн,  Казахстан улсын Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, мөн улсын ХАА-н механикжуулалт, цахилгаанжуулалтын эрдэм шинижлгээний хүрээлэн, БНХАУ-ын Хэй Лөн Жианий ХАА-н шинжлэх ухааны академи зэрэг эрдэм шинжилгээний 11 байгуулагыг төлөөлж гадаадын 20 гаруй судлаачид, Монгол улсын ХАА-н ШУАкадеми, ХААИС-ийн эрдэмтэд, судлаачид оролцов.

Аливаа улс орны хөгжлийн зангилаа асуудлыг цаг алдалгүй оновчтой, үр дүнтэй шийдвэрлэхэд шинэ мэдлэг, инноваци, дэвшилтэд технологи  онцгой үүрэгтэй бөгөөд даяарчлагдаж буй өнөө үед асуудлыг нэг улс орны хэмжээнд бус бүс нутгийн хэмжээнд цогцоор нь шийдвэрлэх нь чухал ач холбогдолтой юм. Уг олон улсын бага хурал хөрш зэргэлдээ орших 5 улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байлаа.

Мөн энэ үеэр Монгол улсын ХАА-н ШУА болон ОХУ-ын ХАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, малын генетик нөөцийн судалгаа, бүс нутгийн онцлогтой органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологи боловсруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар болов.

Олон улсын 21 дэх удаагийн эрдэм шинжилгээний бага хурлын үеэр хуралд оролцож буй эрдэм шинжилгээний байгууллагуудын судлаачдын сүүлийн судалгааны үр дүнд буй болсон үеийн шинэ технологи, инновацийн бүтээлийн үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа.

Уг бага хурал нь хөрш орнуудын судлаачдын цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тогтоох, хамтарсан судалагааны ажлыг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсоныг оролцогсод санал нэгтэй тэмдэглэж байв.