3000 МОРИН ХУУРЧ ОРОЛЦСОН “МОНГОЛ БАХАРХАЛ-3000” ТОГЛОЛТ БОЛЛОО

Нийтлэгч : .
Огноо: 2018-09-25 11:38:26

Завхан аймгийн Улиастай хотод “Бид Чингисийн үр сад, Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал” арга хэмжээний хүрээнд 3000 морин хуурч оролцсон "Монгол бахархал-3000" тоглолт  есдүгээр сарын 20-нд боллоо.

Монгол улсын өнцөг булан бүрээс буюу Завхан аймгийн 29 сургуулийн 1000 гаруй хуурч, Орхон, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Ховд, Хөвсгөл, Нийслэлийн 7 дүүрэг, ХААИС, ШУТИС, СУИС, МУБИС-ийн 7-70 хүртэлх насны хуурчид оролцсон юм. "Очирваанийн эгшиглэн" морин хуурын чуулгаас эхтэй 999, 2222 өсвөрийн морин хуурчдыг төрүүлж байсан Завханчууд энэ удаа 3030 морин хуурчдын тоглолтыг амжилттай зохион байгууллаа. “Энэ бол үндэсний бахархал, төрийн хан хуураа өвлүүлэн дэлгэрүүлэх гэгээн үйл хэргийг улс даяар түгээн дэлгэрүүлэх эхлэл болсоны үр шим юм” хэмээн зохион байгуулагчид онцолж байв.

Завханы төв цэнгэлдэхэд аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрээс цугласан 3030 хуурч Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн “Дуут нуур”, хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатарын “Үүлэн бор”, Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г эгшиглүүлсэн юм. 

Уг тоглолтонд ХААИС-ийн “Монгол хийморь” морин хуурын хамтлагын 30 хуурч оролцсон. Авъяаслаг залуустай өчигдөр ХААИС-ийн удирдлагууд уулзан баяр хүргэн амжилт хүсээд батламж гардуулсан юм. Захирал Т.Хэрүүга “Монгол уламжлал, ёс заншилаа ирээдүй хойч болсон залуустаа өвлүүлж үлдээхдээ бид онцгой анхаарч ажиллах болно. ХААИС үндэсний урлаг, тэр тусмаа морин хуурдаа өшөө олон залуусыг нэгтгэх болно. Цаашид ХААИС-аас 1000 морин хуурч төрөн гарахыг үгүйсгэхгүй”  гэлээ.

Э.Бямбадорж: Сургуулийнхаа 60 жилийн ойд оролцох болсондоо баяртай байна

Намайг Э.Бямбадорж гэдэг. Би Инженер технологийн сургуулийн гуравдугаар курсын оюутан. Улиастай хотод болсон “Монгол бахархал-3000” морин хуурчдын тоглолтонд оролцсондоо маш их баяртай байгаа. Би Ирээдүй цогцолбор сургуульд морин хуурын хичээл заадаг, шавь нартайгаа хамтдаа оролцсон. Энэ тоглолтыг зохион байгуулсан УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, багш Дэлгэрсайхандаа хамтлагынхаа өмнөөс баярлалаа гэж хэлье. Өнөөдөр биднийг сургуулийн удирдлагууд хүлээн авч уулзаад 60 жилийн ойн тоглолтонд оролцох хүндтэй үүргийг бидэнд өглөө.