Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Монголын болон дэлхийн багш өдрийг тохиолдуулан 1000 багш оролцсон баярын хүндэтгэлийн арга хэмжээг Корпорейт Конвейшн цогцолбор төвд өнгөрсөн баасан гаригт /2018.10.05/ амжилттай зохион байгуулагдав. Уг арга хэмжээг нээж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Хүн эх дэлхийдээ ээлтэй хандах, хүн төрөлхтөн бие биедээ хүнлэг энэрэнгүй, найрсаг байх, харилцан ойлголцох, улмаар ирээдүй, хойч үеэ эерэг зөв хүмүүжилтэй сайн хүмүүс болгохын үндэс суурь, найдвартай тулгуур нь боловсрол юм.Харин тэрхүү боловсролыг олгогч, гардан зохион байгуулагч нь багш байдаг. Тиймээс ч өнөөдөр дэлхий даяар БАГШ ТАНД талархал илэрхийлэх, хөдөлмөрийг нь үнэлэх, багшийн нэр хүндийг дээшлүүлэх, улс үндэстэн бүрийн хөгжил цэцэглэлтэд багш нарын оруулж байгаа хувь нэмрийг онцлон тэмдэглэж байна” гэлээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар өнөөгийн багшийн амьдрал, багш хүний жаргал зовлонг харуулсан бүрэн хэмжээний “БАГШ” уран сайхны киног бүтээж, нээлтийг нь энэ өдөр хийв.
Уг арга хэмжээний үеэр Монгол улсын боловсролын салбарын шилдгүүдийг номинаци бүрээр шалгаруулж, өргөмжлөл олгов. ХАА-н судалгаа, шинжилгээний ажлыг өндөр төвшинд гүйцэтгэж, инновацийг хөгжүүлж, дээд боловсролын шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулж буйг үнэлж, Хөдөө аж ахуйн их сургуулийг “Дээд боловсролын шинэчлэлийг тэргүүлэгч их сургууль” өргөмжилсөнийг гардуулав.