БСШУСЯ, Цагдаагийн Ерөнхий газар, “JCI монгол” ТББ-тай хамтран “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх, ухуулга, нөлөөллийн “Нэг хором” аяныг эхлүүлээд байгаа билээ. Энэ аянд манай сургууль нэгдэж 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “UB palace”-д 500 оюутнаа оролцуулсан. Энэ арга хэмжээг улам өргөжүүлж Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 15:00 цагт Хатантуул театрт профессор багш, оюутан суралцагчдад эрх зүйн сургалт зохион байгууллаа.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн дарга хурандаа С.Хүрэлбаатар, Хэрэг бүртгэх албаны ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Д.Борхүү, ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн дарга дэд хурандаа О.Баттөр, 2-р хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн дарга хошууч Б.Уртнасан, ХУД-ийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Гүнсэл нар “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх, хар тамхи, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисын талаарх мэдээллийг ХААИС-ийн 600 гаруй оюутан суралцагчдад мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг хэлэхдээ: “Энэ төрлийн гэмт хэрэгт хүүхэд залуучууд ихээр холбогдож ял шийтгэл ихээр авдаг. Тус гэмт хэргийн 88 хувийг хөнгөн гэмт хэрэг эзэлж байна. Ямар нэгэн өш хонзон санахгүйгээр зодолдох, бухимдаж, архидан согтуурснаас хүний биед хөнгөн болон хүнд гэмтэл учруулж байгаа. Нийгэмд байгаа уур бухимдал, стрессээ барьж сурах, хүнтэй эвтэй, харилцаа хандлагаа өөрчлөх нь энэ гэмт хэргийн хор уршгийг таниулах зорилготойгоор өнөөдөр ХААИС-ийн оюутнуудтай уулзаж байна” гэлээ.
ХААИС-ийн профессор багш, оюутан суралцагч та бүхнийг “Нэг хором” аянд нэгдэхийг уриалж байна.
ЧАНАРЫН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА
СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА