БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “МОНГОЛД САЛБАРЫН ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ, МАЛ ЭМНЭЛГИЙН КЛИНИК БАЙГУУЛАХ” төсөл хэрэгжихээр боллоо. БНСУ-ын Хөдөө аж ахуй, хүнс, хөдөөгийн асуудлыг хариуцсан яам (MARFA)-аас итгэмжлэгдсэн Солонгосын Рурал коммюнити корпораци (KRC), Монгол Улсын ХХААХҮЯ болон ХААИС хамтран 2019-2023 оны хооронд хэрэгжүүлнэ.
БНСУ-ын төлөөлөгчид 2019 оны 03 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд ХХААХҮЯ, ХААИС дээр хамтран ажиллах гэрээ байгуулах, санал солилцох зорилгоор ажиллаж байна.
Уулзалтанд ХААИС-ийн захирал Т.Хэрүүга болон дэд захирлууд, бүрэлдэхүүний сургуулийн захирлууд, алба нэгжийн дарга нар, БНСУ-ын Орон нутгийн хөгжлийн корпорацийн захирал Ли Хёк Жү, менежер Жон Сон Гу нар оролцлоо.
БНСУ-ын Орон нутгийн хөгжлийн корпорацийн захирал Ли Хёк Жү төслийн зорилго, ач холбогдол, санхүүжилтийн талаар мэдээлэл хийж хэлсэн үгэндээ: “Манай улсын Засгийн газрын тусламжаар 4.160.000 ам.долларын санхүүжилттэй төсөл хэрэгжихээр болсон. Энэ төслийн бэлтгэл ажил 2017 оны 02 дугаар сараас эхэлж гурван том шалгуурыг давсан эхнийх нь төслийн зорилго, ач холбогдлыг харгалзан сэдэв сонгох, хоёр дахь нь бидний оруулсан саналыг Засгийн газар дэмжих, гурав дахь нь шаардлагатай санжхүүжилтийн төсөв батлагдах байв. Төслийн хүрээнд мал эмнэлгийн клиникийн 950 м2 талбай бүхий барилга барих; түүнд байрлуулах тоног төхөөрөмж, суудлын автомашин, автобус нийлүүлэх; боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх сургалт, семинар хамтран зохион байгуулах зэрэг ажлууд хийгдэнэ. Төсөл хэрэгжих явцаас гадна, хэрэгжиж дууссаны дараах үр дүн маш чухал байдаг” гэдгийг онцлон хэлэв.
ХААИС-ийн захирал Т.Хэрүүга: Бид бүх талаар хамтарч ажиллана. Мал эмнэлгийн салбарт Жайка байгууллагын төсөл хэрэгжээд дуусаад дүгнэлт, зөвлөмж гарсан. Бидний эхлүүлж буй энэ төсөл өмнөх төслийн үргэлжлэл болж байгаад талархаж байна” гэж хэлэв.
Уулзалтанд оролцогчид төсөл хэрэгжүүлэх талаар асууж сонирхон, харилцан санал, мэдээлэл солилцлоо.
ЧАНАРЫН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА