Өвөр Монголын үндэстний их сургуультай хамтын ажилллагааны гэрээг үзэглэв.

Нийтлэгч : .
Огноо: 2019-03-27 09:40:03

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль 1958 онд үүсэн байгуулагдсан бөгөөд   2000 онд Тонглиао хотын Багшийн их сургууль, Үндэсний анагаахын их сургууль, Хөдөө аж ахуй их сургуулиудыг нэгтгэн шинэчлэн байгуулагдсан. Тус сургууль нь сургуулийн 2 хотхон, хичээлийн 6 байр, 1.64 сая гаруй ном сурах бичиг бүхий номын сангаас бүрдэх ба 1739 багш, ажиллагсад ажиллаж, 74 бакалаврын мэргэжлээр 22,635 оюутан суралцаж байна. Тус сургууль нь нийт 25 бүрэлдэхүүн сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, мэдээлэл технологийн төв, редакцийн хэлтэс болон 2 эмнэлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Их сургуулийн дэргэдэх эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нь Монгол хэл, Монгол ардын анагаах ухаан, түүх соёл, мал аж ахуй, хөдөө аж ахуйн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа нь БНХАУ-д төдийгүй дэлхийд амжилтаараа тэргүүлэх төвшинд үнэлэгдэж байна.

ХААИС-ийн захирал Т.Хэрүүга тэргүүтэй төлөөлөгчдийг Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн захирал Chen Yongsheng хүлээн авч уулзан, хоёр их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.  

Уг гэрээний хүрээнд хамтарсан олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хоёр талын зочин профессор харилцан солилцох, магистр, докторантын эрдэм шинжилгээний ажлыг хамтран удирдах, олон улсын эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах, Хөдөө аж ахуйн инноваци, бизнесийн төв байгуулах зэргээр хамтран  ажиллах юм. 


ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуулийн захирал Б.Баасансүх, Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн Эдийн засаг менежментийн коллежийн захирал Kong Fenli нар хоёр сургуулийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.


Уг гэрээний хүрээнд жил бүр бакалаврын хөтөлбөрөөр ХААИС-д 20-30 оюутан суралцуулах, урт богино хугацаагаар 2-3 зочин профессор солилцох, ХААИС-ийн   докторын сургалтад 5 багш, судлаачдыг хамруулах, тэдний эрдэм шинжилгээний ажлыг хамтран удирдах, “Нэг бүс, нэг зам” хөтөлбөрийн хүрээнд эрдэм шинжилгээний хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов.