“Монгол орны бордооны үйлдвэрлэл ба хэрэглээ” сэдэвт онол-үйлдвэрлэлийн бага хурал боллоо

Нийтлэгч : .
Огноо: 2019-04-01 11:15:19

“Монгол орны бордооны үйлдвэрлэл ба хэрэглээ” сэдэвт онол-үйлдвэрлэлийн бага хурал  2019.3.25-ны өдөр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд боллоо. Уг бага хурлыг Монгол оронд Атар газар эзэмшсэний 60 жилийн ойд зориулан ХХААХҮЯ, ХААИС, Монголын үндэсний бордоо үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын агрономчдын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулав.

Тус хурлын зорилго нь Монгол Улсын  тариалангийн талбайн хөрсний үржил шимийн өнөөгийн төлөв байдал, төрөл бүрийн бордооны   үйлдвэрлэл, тэдгээрийн зохистой хэрэглээ, ач холбогдлыг судалгааны үр дүнгээр нотлон таниулах, бордоо үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд болон тариалан эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүдийг хамтын ажиллагааг өргөжүүлэх, бордоо үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх арга замыг тодорхойлох зэрэгт оршиж байв.

Онол-үйлдвэрлэлийн бага хуралд төрийн болон төрийн бус байгууллагууд, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, бордоо үйлдвэрлэгч болон  тариалан эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн 100 орчим төлөөлөгчид оролцлоо. Уг бага хуралд ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд тулгуурласан илтгэлүүд голлон тавигдсан бөгөөд гарааны “Монгол экологийн бордоо” компани, “Хийвэр” ХХК, “Био-Агро” ХХК зэрэг бордоо үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүнээ танилцуулав.

Төгсгөлд хурлаас гарах зөвлөмжийн төслийг хэлэлцэж оролцогчдын саналыг авсан бөгөөд хурал зохион байгуулах комисс тэдгээр саналуудыг тусган зөвлөмжийг эцэслэн холбогдох газруудад хүргүүлэхээр тогтов.

                                                             ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА