ХААИС-ИЙН АВЪЯАСЛАГ БАГШ, ОЮУТНУУД НЭГ ДОР ЦУГЛАВ

Нийтлэгч : .
Огноо: 2018-12-20 17:06:33

Хөдөө аж ахуйн их сургууль 2018-2019 оны хичээлийн жилийг  “Оюутны хөгжлийн жил” болгон зарласантай холбоотойгоор “Оюутан танаа” хүндэтгэлийн тоглолт өчигдөр /2018.12.19/ UB Palace-ийн концертийн их танхимд боллоо.

Тоглолтонд 200 гаруй оюутан, 50 гаран багш нар оролцож  өөрсдийн авъяас чадвараа олонд гайхуулсан юм. “Хатан эх” морин хуурын хамтлаг тоглолтын салхийг хагалж ХААИС-ийн сүлд дуугаар өндөрлөсөн. “Оюутан танаа” тоглолт “Аягат биеэлгээ”, “Адуучин залуус”, “Салхит шувуу” зэрэг бүжгээр үргэлжилж, Ардын хөгжмийн чуулга, ардын дууны цоморлиг, багш МУСТА Л.Цолмон, МУСТА Б.Батдорж, н.Одбаяр, оюутан н.Бямбахишиг нар ая дуугаа өргөсөн. Мөн цэнгээнт бүжгийн 25 удаагийн аварга “Хатан туул” хамтлагыг дурьдахгүй өнгөрч болохгүй.  Унгар улсад зохион байгуулсан цэнгээнт бүжгийн дэлхийн аваргад ганзага дүүрэн оролцоод ирсэн тэд стандарт болон латин америк бүжгээр үзэгч олныг баясгасан. Тоглолтыг үзсэн хүмүүс “Энэ чинь хөдөө аж ахуйн сургууль биш, соёл урлагын сургуулийнхан биш үү. Ямар мундаг авъяаслаг залуус вэ” хэмээн өөр хоорондоо ярилцаж  байсан.  

Энэ үеэр “Оны шилдэг сурлагтан”, “Оны шилдэг судлаач оюутан”, “Оны шилдэг манлайлагч оюутан”, “Оны шилдэг авъяаслаг оюутан”, “Оны шилдэг тамирчин оюутан” гэсэн таван номинацид бүрэлдэхүүн сургууль тус бүрээс шалгаруулж өргөмжлөл гардуулсан. Энэ жилийн элсэгч оюутнууд 60 жилийн ойгоор элсэн орсон гэдгээрээ онцлог. Тиймээс ЭЕШ-аар 600-аас дээш оноотой ХААИС-д элсэн орсон шилдэг элсэгч оюутнуудад дурсгалын зүйл гардууллаа. Ийнхүү гадаа хүйтэн ч дотор халуухан нэгэн үдшийг дуутай хууртай  сайхан өнгөрөөлөө.