Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш, менежерүүд өнгөрсөн пүрэв гаригт /2018.12.27/ Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн удирдлагуудтай мэдээлэл солилцох нэг өдрийн уулзалт хийлээ.
Уудзалтанд ХААИС-ийн талаас захирал Т.Хэрүүга, дэд захирлууд, бүрэлдэхүүн сургуулиудын захирлууд болон багш нар, МУБИС-ийн талаас захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Мандах, дэд захирлууд, бүрэлдэхүүн сургуулиудын захирлууд болон сургалтын менежерүүд оролцсон юм. Тэд ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль, Мал эмнэлгийн сургууль, мал эмнэлгийн хүрээлэнгийн үйл ажиллагаа, лабораторитой танилцлаа. Энэ үеэр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга сургуулиудын үйл ажиллагааны талаар танилцуулж, багш нарын сонирхсон асуултанд хариулсан. МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Мандах: “Бид Монгол улсынхаа төрийн өмчит их дээд сургуулиудтай удирдлагын багаа танилцуулах, харилцан туршлага солилцох зэргээр танилцах аяныг хэрэгжүүлж эхлээд байгаа. Урд нь бид ХСИС-тай танилцаж байлаа. Энэ удаа ХААИС-ийнхан бидний саналыг хүлээн авч энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаад баяртай байна” гэлээ. Мөн ХААИС-ийн нэрийн хуудас болсон “Хатан туул” хамтлаг болон авъяаслаг оюутнуудын урлагын тоглолтыг сонирхсон.
Нэг өдрийн танилцах уулзалтын төгсгөлд хоёр сургуулийн хоорондын болейболлын нөхөрсөг тэмцээн болж ХААИС-ийн багуудын хожилоор өндөрлөв.