“Үндэсний хэмжээний нэмүү өртгийн сүлжээ” хэлэлцүүлэг боллоо

Нийтлэгч : .
Огноо: 2019-01-08 19:18:02

Сүү, хүнсний ногоо, жимс жимсгэний үндэсний хэмжээний нэмүү өртгийн сүлжээний нөхцөл байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, боломжит нич бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэхэд оролцогч талуудын саналыг тусгах зорилготой “Үндэсний хэмжээний нэмүү өртгийн сүлжээ” хэлэлцүүлэг өчигдөр /2019.01.07/ ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд боллоо.

ХХААХҮЯ-ны захиалгаар Зах зээл ба бэлчээрийн удирдлага төслийн дэмжлэгтэйгээр сарын хугацаанд хийсэн ажлын үр дүнгээ танилцуулсан юм. Хүнс, Хөдөө аж ахуйн салбарт сүү, хүнсний ногоо,  жимс жимсгэний салбарын эзлэх байр суурь, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдал зэрэг бол онцгой ач холбогдолтой. Тэгэхдээ эдгээр салбарын нэмүү өртгийн сүлжээ, түүний хөгжилд тулгамдаж байгаа асуудал их байгаа. Тийм учраас энэ зөвлөх үйлчилгээний богино хугацааны ажлын гол зорилго нь сүү, хүнсний ногоо, жимс жимсгэний нэмүү өртгийн сүлжээний тулгамдсан асуудлыг илэрүүлэх, гарах арга замыг санал болгох, эдгээр гурван салбарын орон нутгийн иргэдийн амьжиргаанд нөлөөлөх нөлөөллийг дээшлүүлэх ямар арга зам байна, нич бүтээгдэхүүний тодорхой ба бренд бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх талаар төслийн хүрээнд болон төрийн зүгээс дэмжих ямар асуудал байна гэсэн үндсэн гурван зорилтыг авч хэлэлцсэн юм.  Хэлэлцүүлэгт ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацийн хөгжлийн төвийн захирал академич А.Бакей, Монголын жимс, жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал, Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн зохицуулагч С.Занданбат, Сүү, хүнсний ногоо, жимс жимсгэний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, энэ чиглэлээр судалгаа хийж, хичээл заадаг багш судлаачид оролцсон.

“Монгол улсын эдийн засгийн тулгуур салбар бол Хөдөө аж ахуйн салбар. Гэхдээ ХАА-н салбарын доторх дэд салбаруудын нөөц бололцоог өнөөдөр бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа. Жишээ нь сүүний, хүнсний ногооны, жимс жимсгэний гэсэн гурван салбараар нэмүү өртгийн сүлжээг хэрхэн хөгжүүлэх вэ, тулгамдсан асуудал юу байна, тэдгээрийг цаашид яаж шийдэх вэ гэсэн асуудлаар эрдэмтэд судлаачид санал солилцож байна. Сүүлийн үед орон нутагт ажилгүйдэл, ядуурал маш их байгаа. Гэтэл малынхаа сүү саалийг огт ашиглаж чадахгүй байна. Олон үнээтэй айл байлаа гэхэд үнээнийхээ дөнгөж арав ч хүрэхгүйг л сааж бусдыг нь саахгүй орхидог болсон байна. Хонь, ямааг саахаа бүр больчихсон. Тэгэхээр энэ нөөцийг яаж ашиглах талаар, орон нутгийн түвшинд ямар бодлого баримтлах ёстой вэ гэдгийг өнөөдөр бид энэ хэлэлцэнэ. Дээр нь сүү гэхэд малчны хотноос эцсийн хэрэглэгчид хүрэх хүртэлээ өртөг маш ихээр нэмэгддэг. Мах ч гэсэн ялгаагүй. Үнэн хэрэгтээ сүү, мах аль нь ч байсан малчны хотхонд хямд үнээр бүтээгдэж байгаа. Дунд нь бэлтгэл нийлүүлэлтийн сүлжээ, дэд бүтэц, логистик хөгжөөгүй учраас шат дамжлага бий болохын хэрээр өртөг нэмэгдэж байна. Тийм учраас логистик, дэд бүтцийг хөгжүүлэх, бэлтгэн нийлүүлэлтийг боловсронгуй болгохтой холбоотой саналыг зөвлөмж болгон гаргаж байгаа” гэж ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацийн хөгжлийн төвийн захирал академич А.Бакей хэлэлцүүлгийн үеэр хэллээ.