Сибирийн бүс нутгийн их, дээд сургуулиудын дунд зохион байгуулсан байгалийн ухааны олимпиадад Монгол залуу нэгдүгээр байр эзэлжээ. Түүнийг Ц.Бат-Эрдэнэ гэдэг. Тэрээр ХААИС-ийн МААБС-ийн Хими технологийн ангийн дөрөвдүгээр дамжааны оюутан. Тэр мэргэжилдээ хайртай. Сониуч зандаа хөтлөгдөн олон судалгаа, туршилтын ажил хийжээ. Уйгагүй хичээл зүтгэл гаргасны эцэст ургамлын болон мал амьтны гаралтай хаягдал өөх, тосыг ашиглан шил арчигч, биодизель түлш, автомашины хөргөлтийн шингэн зэрэг бүтээгдэхүүн гаргаж авсан.
ХАЯГДАЛ ӨӨХ, ТОСНООС ШИЛ АРЧИГЧ ШИНГЭН ГАРГАЖ АВСАН
Ц.Бат-Эрдэнэ өмнө нь хуванцараас бензин гаргаж авах олон туршилт гаргаж авсан ч үр дүнд хүрээгүй байна. Гэвч багш нартайгаа хамтран судалгааны ажлаа үргэлжлүүлж байхдаа хаягдал өөх, тос боловсруулах санаа төржээ. Тэрээр “Өөх, тос гэдэг хоёр зүйл хоорондоо адилхан. Ургамлын гаралтай нь тос, амьтны гаралтай нь өөх. Эдгээрийг олон удаа шарахад өнгө, үнэр, амт нь өөрчлөгдөж, мууддаг. Ингэж муудсан өөх тосыг бид химийн аргаар цэвэршүүлж “эфиржүүлэх” урвалд оруулж 90 хувийг нь эфир, 10 хувийг нь глицерин болгон авдаг. Глицерин бол олон бүтээгдэхүүн гаргаж авах ашигтай суурь элемент. Ялгаж авсан глицеринээ шил арчигч шингэнд агуулагдах хольцтой уусгана. Нян бактер арилгах, өнгө оруулах, үнэр оруулах гэх мэт стандартын дагуух зүйлийг нэмж боловсруулснаар бүтээгдэхүүн маань бэлэн болдог. Үүнийг 100 хувь хаягдал өөх, тосноос гарган авч байгаа гэдгээрээ бусад шингэнээс ялгаатай болон ижил чанартай. Мөн ахуйн болон автомашины шил арчиж болох онцлогтой” гэлээ.
“АВТОМАШИНЫ ХӨРГӨЛТИЙН ШИНГЭНИЙГ ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭЖ БОЛНО”
Манай жолооч нар автомашиндаа Орос, Япон, Солонгос, Хятад улсаас орж ирсэн хөргөлтийн шингэн хэрэглэдэг. 100 хувь гаднаас орж ирсэн шингэнийг өндөр үнээр авдаг гэсэн үг. Гэтэл тус бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж, тэдгээрээс хямд төсөр үнээр авах боломжтой гэдгийг Ц.Бат-Эрдэнэ онцолж байлаа. Тэрээр “Хаягдал өөх тосыг дахин боловсруулж хөргөлтийн шингэн гаргасан. Дэлхийн стандартын дагуух орц найрлагыг багтаасан. Автомашины эд ангийг зэвэрч муутгахгүй, эдэлгээний чанарыг удаашруулах талаас нь сайтар анхаарсан байгаа. Бүх төрлийн автомашинд хэрэглэж болно. Дотооддоо үйлдвэрлэсэн учраас хямд үнэтэй. Үйлдвэрлэл бий болж байгаа гэсэн утгаараа ажлын байр нэмэгдэж, эдийн засгийн эргэлт үүсэх олон давуу талтай гэж бодож байна. Хотоос зайдуу зуслангийн байшинтай айлууд өвлийн цагт гал түлж, паараа халаадаг. Нэг л өдөр гал түлэхгүй өнжвөл паар нь зад хөлддөг. Тиймээс бидний гаргасан хөргөлтийн шингэнийг ашиглавал паараа хөлдөөхгүй, дулаанаа алдахгүй байх боломжтой” гэсэн.
Шар нь биодизель түлш, ягаан нь хөргөлтийн шингэн, ногоон нь шил арчигч шингэн
“ХЯМД ӨРТӨГТЭЙ БИОДИЗЕЛЬ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖ”
Түүний судалгааны явцад олж нээсэн сонирхолтой нэгэн нээлт бий. Тэр нь биодизель түлш. Ихэвчлэн бага оврын автобус, портер, ачааны машинууд дизель түлш хэрэглэдэг. Харин өөх, тос ашиглаж үүнийг орлох байгалийн биодизель түлшийг гарган авч чадсан. Япон, Солонгос, Америк, Канад, Герман зэрэг орнууд хүнд даацын автомашиндаа эко түлш үйлдвэрлэж ашигладаг. Учир нь нефтээс гаргаж авсан түлш байгальд хортой. Газрын гүнээс нефть олборож, түүнийгээ нэрж масло, дизель, бензин, гутлын тос, асфальт, гялгар уут зэргийг хийж болох учраас нефтээс хаях зүйл байдаггүй. Мөн газрын гүнээс олборлож байгаа учраас олон төрлийн бактерийн нэгдлийг өөртөө агуулдаг. Дизелээс гарч буй хийг утаа гэж ойлгож болохгүй. Мод, аргалын утаа болон дизель түлшний утаа хоёр тэс ондоо. Дизелийн утаа нь азот, нүүрс хүчлийн давхар исэлтэй, 20 гаруй хорт хавдар үүсгэх нян агуулдаг учраас амьсгалах аргагүй муухай үнэртдэг. Харин бидний гарган авсан биодизелээс хуушуур хайрахад гардаг хиншүү шиг үнэр л гарна. Ямар ч хортой элемент ялгарахгүй. Үнийн хувьд ч хямд. Эхний байдлаар тооцвол нэг литрийг нь 1200-1500 төгрөгөөр зарах боломж бий.
Махны зах болон бой хийдэг газрууд үйл ажиллагааныхаа явцад үлдсэн хаягдал өөхөө жалга, ухсан нүх, эсвэл хогийн цэгт аваачиж хаядаг. Мөн “KFC”, “Burger king”, “Өгөөж”, “Талх чихэр” зэрэг шарсан хоол хүнс борлуулдаг газрууд ургамлын тосоо ашиглаж дуусаад шууд хаядаг. Тиймээс дээрх бүтээгдэхүүнүүдийг хийхэд түүхий эдийн олдоц элбэг байдаг.
“ХИМИЙН УР ЧАДВАРЫН ОЛИМПИАДАД НЭГДҮГЭЭР БАЙР ЭЗЭЛСЭН”
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Сибирийн бүс нутаг дахь их дээд сургуульд байгалийн ухааны чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд химийн ур чадварын нэгдсэн олимпиад зохиогдсон юм. Энэ олимпиадад Хөдөө аж ахуйн их сургуулийг төлөөлж оролцох завшаан надад тохиосон. Нийт 150 гаруй оюутан оролцсон өндөр чансаатай тэмцээнд оролцох болсондоо баяртай байсан ч бага зэрэг эмээж байсан. Зохион байгуулагчдын зүгээс тусгай заавар өгч, үндсэн гурван шаардлагыг оролцогчдод тавьсан. Химийн туршилт хийж байхдаа ямар нэгэн алдаа гаргахгүй байх. Туршилт хийж гаргаж авсан бүтээгдэхүүн цэвэр байх. Хамгийн сүүлд гаргаж авсан цэвэр бүтээгдэхүүнээ онолын хүрээнд баталж, шүүгчдийн асуултанд хариулна. Энэ гурван даалгавраа биелүүлээд олимпиад болсон газраас өөр тийшээ явчихсан юм. Гэтэл араас “Чи нэгдүгээр байранд орсон” гээд утасдаж хэлсэн. Тухайн үед гайхах, баярлах хоёр зэрэгцээд их л догдолж эх орондоо ирсэн.
“ОЮУТОЛГОЙГООС ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ТАВЬСАН”
Оюутолгой бол 10 гаруй мянган ажилтантай том компани. Ашиглаж байгаа тоног төхөөрөмжөөс нь их хэмжээний хаягдал масло гарна. Мөн гал тогооноос нь өөх, тосны үлдэгдэл ялгарна. Үүнийгээ дахин боловсруулж компанидаа ашиглах боломжтой. Миний гаргаж авсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх тусгай цех, үйлдвэр бариж өгч болно. Эхний ээлжинд суурь судалгаа хийж танилцуулахыг надад санал болгосон. Үүний дагуу бүтээгдэхүүний орц, найрлага, ашигтай болон ашиггүй байдал, ашиглах заавар, нөөц боломж зэргийг судалж байна. Судалгаа амжилттай болбол Оюутолгой компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, шинэ үйлдвэр барих ажил эхлэх юм. Ингэснээрээ тус компани хаягдалгүй ажилладаг цогц үйлдвэр болоход нэг алхам ойртох болов уу. Өөрийн хийсэн зүйлээ бодит ажил болгохын тулд судалгааны ажилдаа анхааран ажиллаж байна. Би гэлтгүй Монголын шинжлэх ухааны салбарын эрдэмтэд амьдралд тустай, технологийн горим нь бэлэн, оюуны өмчөөр баталгаажсан, хэрэгжих бүрэн боломжтой олон санаа, шийдэл байдаг. Гэвч бидэнд гарааны бизнес эхлүүлэх санхүүгийн эх үүсвэр байдаггүй. Одоогийн байдлаар дээрх гурван бүтээгдэхүүнээс цөөн тоогоор үйлдвэрлэсэн байгаа. Технологийн горим нь бэлэн байгаа учраас санхүүжилт байвал хэрэгцээт тоног төхөөрөмжөөр олон ширхэгийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх бүрэн боломж бидэнд байна.
Эх сурвалж: www.newspress.mn