Эх оронч үзлийг залууст суулгана

Нийтлэгч : .
Огноо: 2019-05-17 20:08:41

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ 2019.05.15-нд ХААИС-ийн 500 гаруй оюутнуудтай эх оронч үзэл, монгол бахархалын талаар уулзаж ярилцлаа. Уулзалтанд “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ХААИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор Б.Буянзаяа, Монгол улсын цэргийн шинжлэх ухааны доктор Х.Шагдар, Отгон тэнгэр их сургуулийн багш, доктор профессор, бэлтгэл хурандаа Б.Галиндэв, Түүхийн шинжлэх ухааны доктор, бригадын генерал Ч.Сосорбарам, Түүх, археологийн хүрээлэнгийн эрхлэгч, түүхийн ухааны доктор Г.Мягмарсамбуу, 2004 онд Иракт болсон зэвсэгт халдлагыг няцааж, Монгол цэргийн алдрыг өндөрт өргөсөн ахлах дэслэгч Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон нар оролцлоо.

 

Энэ үеэр дэслэгч генерал Ц.Тогоо “Манай холбооноос Монголын тэргүүлэх их, дээд сургуулиудын оюутнуудад эх оронч үзлийг оюутан залууст суулгаж өгөхөөр энэхүү сургалтыг зохион байгуулах болсон юм. Хамгийн эхний сургууль нь ХААИС боллоо. Бид энэ буухиагаа цааш нь үргэлжлүүлэн олон олон залууст хүргэх болно” гэсэн юм. ХААИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа залуучууддаа эх оронч үзэл, тусгаар тогтнол, түүхэн замналаа танилцуулж, хүүхэд залуусыг төлөвшүүлэх ажлыг хийж буй “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ын хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлээд “Манай сургууль хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөө гэсэн уриатай. Тогтвортой хөгжил бол өөрөө нийгэм эдийн засаг, байгаль экологийг тэнцвэртэй авч явах үзэл баримтлал билээ. Тогтвортой хөгжил бол өнгөрсөн түүхийг ирээдүйгээ байгаа санаж, эх оронч үзэлээр хангах юм. Эх оронч үзлийг, үндэсний бахархалыг оюутан залуусдаа хоногшуулах үйл ажиллагаа улс даяр явагдаж байгаа юм байна. Энэ арга хэмжээ манай  сургуулиас эхэлж байгаад таатай байна” гэлээ.

Тус төрийн бус байгууллага нь эх оронч үндэсний үзэл, бахархлыг хөгжүүлэн, ард түмнээ соён гэгээрүүлж, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зүтгэх зорилготой бөгөөд 1000 гаруй гишүүнтэй аж.

Монголын цэрэг, хүчний байгууллагын нийт 27 төрийн бус байгууллага байдаг бөгөөд эдгээр холбоодыг нэгтгэж нийгэмд дуу хоолойгоо гаргах, үйл ажиллагаагаа үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэн хэрэгжүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг юм байна.  Тэд өнгөрсөн сард анхдугаар хуралдаанаа хийсэн бөгөөд холбооны ерөнхийлөгчөөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар томилсон байна.

 

                                                               СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА