Исланд улсын газрын элэгдэл, эвдрэлийг бууруулах, нөхөн сэргээх 100 гаруй жилийн туршлагаас суралцаж байна

Нийтлэгч : .
Огноо: 2019-05-20 17:32:55

“Байгалийн нөөцийн менежмент: Мэдээлэл боловсруулалт, үр дүнг ашиглах ур чадварыг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын сургалтыг Исланд улсын “Нэгдсэн үндэстний их сургууль”-ийн дэргэдэх “Газрын доройтлыг бууруулах хөтөлбөр”-өөс санаачлан, ХААИС-ийн Агроэкологийн  сургуулийн Экологийн  тэнхим,  Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран хоёр дахь жилдээ  2019 оны 5-р сарын 18-26-ны  өдрүүдэд Монголика ресортод зохион байгуулж байна.

 

  Энэ удаагийн сургалтанд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Увс, Ховд, Төв, Сүхбаатар, Дорнод,  Дархан-Уул аймгууд болон Улаанбаатар хотоос ус цаг уур, байгаль орчин, газар зохион байгуулалт, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд болон зарим агентлаг, их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл болсон 25 хүн сонгогдон оролцож байгаа юм.

Мэргэжилтнүүдийн хувьд байгалийн нөөцийн мониторинг, үнэлгээ, хамгаалалт, нөхөн сэргээлтийн талаарх мэдээллийг зөв боловсруулж, түүнийгээ бүтээгдэхүүн  болгож, шийдвэр гаргагчдад хүргэх, төрийн бодлогод тусгуулж ажил хэрэг болгох нь онцгой шаардлагатай байдаг бөгөөд дунд шатны мэргэжилтнүүдийн дээрх ур чадвар, арга барилыг нь сайжруулах зорилготойгоороо онцлог юм.

Тус сургалтын сургагч багшаар Исланд улсын Нэгдсэн үндэстний их сургуулийн “Газрын доройтлыг бууруулах хөтөлбөр”-ийн дэд захирал Берглинд Оррадоттир, Исландын Хөрс хамгаалах нийгэмлэгийн тэргүүлэх судлаач, доктор Кристин Сварардоттир,  Исландын ХАА-н их сургуулийн дэд профессор, доктор Исабел си Баррио, Монголын талаас ХААИС –ийн  Агроэкологийн сургуулийн сургалт эрхэлсэн орлогч захирал дэд профессор, доктор Ш.Оюунтуяа, Экологийн тэнхимийн эрхлэгч доктор М.Хишигжаргал, багш, доктор Т.Байгал-Амар, доктор О.Бүрэнжаргал нар, Монголын Бэлчээр Ашиглалтын Нэгдсэн Холбооны  зөвлөх доктор Д.Булгамаа болон УЦУОСМ-ийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор Ц.Бат-Оюун нар ажиллаж байгаа билээ.

  

Исландын эрдэмтэдтэй хамтран Монгол оронд уг сургалтыг зохион байгуулж байгаа нь Исланд улсын доройтсон газрын элэгдэл, эвдрэлийг бууруулах, нөхөн сэргээх 100 гаруй жилийн шилдэг туршлагаас  суралцах энэ салбарт хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой. 

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал доктор, профессор Г.Гантулга, Агроэкологийн сургуулийн захирал доктор, дэд профессор А.Буянбаатар нар оролцож Исландын нэгдсэн үндэстний их сургууль болон ХААИС–ийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүрээлэн буй орчныг хамгаалах, бэлчээрийн доройтлыг бууруулах зэрэг тулгамдсан асуудлаар сургалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж байгааг тэмдэглэн хэлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

                                                             АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬ