“Зөгийн эрүүл мэнд, эм бэлдмэлийн судалгааны төв”-ийн нээлт боллоо

Нийтлэгч : .
Огноо: 2019-05-23 10:21:06

Азийн Хөгжлийн Банкны Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны төсөл нь зөгийн аж ахуйн салбар түүний дотор зөгийн мал эмнэлгийн салбарын үйл ажиллагаа, дотоодын эмийн үйлдвэрлэлийг дэмжиж ажилладаг билээ. Өчигдөр /2019.05.22/ АХБ-ны төслийн шугамаар ХААИС-ийн харъяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэргэд "Зөгийн эрүүл мэнд, эм бэлдмэлийн судалгааны төв" лабораторийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Уг лабораторийн нээлтэнд АХБ-ны ХАА-н төслүүдийг хариуцсан эдийн засагч Яан Хенритч, ХАА, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт төслийн зохицуулагч Ж.Түвшинсанаа, зохицуулагч Нармандах, ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн зохицуулагч Т.Энхжаргал, зөгийн салбарын зөвлөх мэргэжилтэн Мал аж ахуй биотехнологийн сургуулийн багш Н.Тогтохбаяр мөн МЭЭШХ-ын захирал Б.Батцэцэг, ЭШАА судлаач Д.Болдбаатар, Д.Ууганбаяр, Монголын зөгийчдийн холбооны тэргүүн Т.Туяа, Зөгийчдийн холбооны дээд зөвлөл ТББ-ын тэргүүн Б.Занданхүү,  зэрэг албаны бусад хүмүүс оролцлоо.

Судлаачид анх удаа монголдоо ургамлын гаралтай зөгийн хачиг өвчний эсрэг эм үйлдвэрлэх зохиогчийн эрхээ саяхан авсан бөгөөд лабораторийг ашиглан импортыг орлох эм үйлдвэрлэлтийг улам боловсронгүй болгон, зөгий үржүүлэгчиддээ мал эмнэлгийн бүтээгдэхүүнээр үйлчлэх зорилготой ажиллах юм.

Нээлтийн үеэр МЭХ-ийн захирал Б.Батцэцэг: “Мал эмнэлгийн хүрээлэн 11 судалгааны лабораторитой. Таван хошуу малын төрөл бүрийн өвчнийг судалдаг. Хоёр жилийн өмнөөс манай хүрээлэн зөгийн талаар судалж эхэлсэн.  Зөгийн эрүүл мэнд, зөгийн балны эрүүл ахуйн чиглэлийн судалгааны ажил хийх боломж манай хүрээлэн дээр бүрдэж байгаад таатай байна” гэлээ

                                                   МАЛ ЭМНЭЛГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН