Өмнөд Чехийн их сургуулийн мэргэжилтнүүд ХААИС-тай хамтран Тул загас хамгаалах төслийг эхлүүллээ

Нийтлэгч : .
Огноо: 2019-05-23 17:45:55

Монгол Улсад Сибирийн Тул загас үржүүлэх төслийг хэрэгжүүлэхээр Зүүн өмнөд Чехийн Их сургуулийн профессор Ян Коуржил, Загасны аж ахуй, усны хамгааллын факультетийн ажилтан Жан Матоусек нараас бүрдсэн баг ажиллаж байгаа юм. Сибирийн тул загас Монголд голчлон амьдардаг. Гэвч сүүлийн жилүүдэд хяналтгүй загасчлал, голын бохирдол, байгалийн амьдрах орчин доройтсоны улмаас тоо толгой нь хурдацтай буурч байгаа билээ. Чехийн экспертүүд эдгээр төрөл загасыг хэрхэн зохиомлоор үржүүлэх технологийг Монголын Шинжлэх ухааны академи болон Хөдөө аж ахуйн их сургуулийн төлөөлөгчдөд гурван долоо хоногийн хугацаанд зааж сургасан. Энэ хугацаанд тусгай зөөврийн загасны инкубаторыг контэйнэрээр Онон голын урсгал дагуу байршуулсан ба түүндээ үржлийн загасыг байршуулж мэргэжлийн аргаар хээлтүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм.

Энэ хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Олдржих Заяычек, Өмнөд Чехийн их сургуулийн Загас судлал, ус хамгааллын факультетийн эрхлэгч Ян Коуржил нар Тул загас хамгаалах төслийн хүрээнд хоёрдахь удаагаа 2019.05.21-нд Хөдөө аж ахуйн их сургуулийн удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтанд БНЧУ-ын элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Олдржих Заяычек, Өмнөд Чехийн их сургуулийн Загас судлал ус хамгааллын факультетийн эрхлэгч  доктор Яан Коуржил, ажилтан Жан Матоусек, ШУА-ын ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн гидробиологи, загас судлалын лаборатрийн эрхлэгч Ч.Аюушсүрэн, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайхан, ХААИС-ын захирал Т.Хэрүүга, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, МААБС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Д.Гүрбазар, Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимийн багш Э.Төмөртогтох, О.Оюунтуяа, загас үржүүлгийн чиглэлээр сурдаг оюутнууд оролцсон юм.

Уулзалтын үеэр Өмнөд Чехийн их сургуультай богино хугацааны сургалт болон магистр, докторын түвшний оюутнуудыг солилцоогоор сургах боломжтой талаар таатай мэдээг дуулгалаа. Оюутан байхдаа судалгааны ажил хийж байсан, судалгааны ажил хийх арга зүй эзэмшсэн, олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож байсан, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж байсан туршлагатай хэн бүхэнд нээлттэй юм байна.

                                                           ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС