Улсын хөгжил уснаас эхлэлтэй

Нийтлэгч : .
Огноо: 2019-06-10 16:43:43

Төрийн ордны Их танхимд “Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг баасан гаригт /2019.06.07/ болж өнгөрсөн. Хэлэлцүүлгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран зохион байгуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Усны бодлого, засаглалыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэн, олон салбарын зохицуулалт шаардсан энэ чухал стратегийн эрдсийн асуудлаар томоохон шинэчлэл хойшлуулалтгүйгээр хийх цаг болжээ” хэмээн тодотголоо.

Өнөөдөр дэлхий нийтэд тулгарч байгаа үндсэн хоёр бэрхшээл нь усны нөөцийн хомсдол, цөлжилт юм. Дэлхий нийтээрээ 2790 шоо.км усыг жилд хэрэглэж байна. Үүний дөрөвний гурвыг ундны хэрэгцээнд болон аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэлд ашигладаг. Усны хэрэглээний 80%-ийг гадаргын усаар, 20%-ийг гүний усаар шийддэг аж.

Монгол Улсын хувьд  усны гурван том ай савын хагалбар шугам дээр оршдог. Нийт гадаргын усны 68%-ийг хил давуулан алддаг хур бороо, ган цөлжилтөд өртөмтгий, онцгой эмзэг бүс нутаг юм. Эрдэмтэд Монгол орны байгалийн түүхийг судлаад 500 жилд давтагддаг хур тундасны татралт, цөлжилтийн мөчлөг ойртож байгааг мөн анхааруулжээ.

“Монголчууд усны хэрэглээнийхээ 80-аас дээш хувийг нийт нөөцийнхөө 2%-д хүрэхгүй жаахан гүний усаар хангадаг гаж хэрэглээтэй орон юм. Өнөөдөр дэлхий дээр биднээс өөр хур тундасны болон гадаргын усаа нөөцөлж ашигладаггүй орон алга” хэмээн Төрийн тэргүүн онцоллоо. 
Манай нутаг дээр бууж байгаа нийт хур тундасны 10 гаруй хувь нь гадагш урсан гарч, 90 хувь нь ууршиж, дэгддэг болохыг судалгаа харуулж байна. Усны тоо бүртгэлийн 2018 оны дүн мэдээнээс үзэхэд 527 гадаргын усны эх үүсвэр хатаж, ширгэсэн. Төв аймагт гэхэд 94 гадаргын усны эх үүсвэр хатаж, ширгэснээс ердөө 15 нь буцаж сэргэсэн гэсэн тоон мэдээлэл байна. 

Монголын төр, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл  нь усны салбарын засаглалыг сайжруулах, хариуцсан төрийн захиргааны байгууллагыг байгуулах, салбар дундын зохицуулалтын бодлого явуулах зөвлөлийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд шилжүүлэх гэсэн хоёр зүйлд анхаарал хандуулахаа Ерөнхийлөгч илэрхийллээ. 

Мөн хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн эрдэмтэн судлаачид өөрсдийн санал бодлыг хуваалцаж, зарим асуудлыг дэвшүүлсэн.

Монгол улсын усны зөвлөх инженер, ХААИС-ийн ахмад багш, доктор Д.Чандмань “Энэ хэлэлцүүлэгт оролцохын тулд Өмнөговь аймгаас зорьж ирлээ. Ус бол улсын хөгжлийн, стратегийн гол асуудал. Төрийн гурван өндөрлөг усны засаглал, менежментийн асуудалд анхаарч байгаад талархаж байна. 1971 онд Усны аж ахуйн яам байгуулагдаж, төрийн бодлого цэгцэрч байсан. Бэлчээр усжуулалт 70 орчим хувьд хүрч, услалтын систем, анхны цөөрмүүд байгуулагдаж байсан. Энэ үед эдийн засаг болон ДНБ нэмэгдсэн үзүүлэлт гарч байв. Гэвч, 1988 оноос хойш энэ асуудал орхигдсон. Тиймээс одоо эргээд усыг стратегийн гол цөм болгох ёстой. Би усны салбарт 39 жил ажилласан. Энэ туршлагадаа тулгуурлан Усны үндэсний хороог Ерөнхийлөгчийн дэргэд байгуулах тухай асуудлыг бүрэн дэмжиж байна. Энэ бол нэг номерын асуудал. Хоёрдугаарт, усны агентлаг байгуулах асуудлыг нэгэнт ярьж эхэлсэн тул салбар дундын зохицуулалт хийхийн тулд Засгийн газрын дэргэд тохируулагч агентлаг болгон байгуулах хэрэгтэй гэж үзэж байна” гэлээ.

Хэлэлцүүлэгт ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш оюутнууд оролцож, усны салбарын эрдэмтэн судлаачидтай санал солилцсон юм.  

                                                         АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬ