ОХУ-ын Буриад Улсын АИХ-ын Эдийн засгийн бодлого, байгаль ашиглалт, экологийн байнгын хорооны дарга А.Г.Кушнарев, АИХ-ын дарга В.А.Павлов, Буриад улсын нягтлан бодох бүртгэлийн танхимын дарга Е.В.Пегасов, В.А.Малышенко нар ХААИС-ийн удирдлагуудтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Энэ үеэр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга сургуулийн үйл ажиллагааны талаар товчхон танилцуулаад Буриад болон Буриадын ардын их хуралтай хөдөө аж ахуйн чиглэлийн сургалт судалгаа, инноваци, үйлдвэрлэл, бизнесийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
ОХУ-ын Буриад Улсын АИХ-ын Эдийн засгийн бодлого, байгаль ашиглалт, экологийн байнгын хорооны дарга А.Г.Кушнарев “Биднийг хүлээн авч уулзаж байгаад талархаж байна. Бид маш шахуу хөтөлбөрөөр ирсэн ч танай сургуультай танилцах боломж олдсонд маш их баяртай байна. Манай АИХ-ын гишүүд ихэнх нь хөдөө аж ахуйн мэргэжилтэй хүмүүс байдаг. Буриадын хөдөө аж ахуйн их сургууль 41 жилийн өмнө ХААИС-тай оюутан солилцож байлаа. Би энэ солилцоонд ирж Монголд сурч байсан азтай хүмүүсийн нэг. Энэ оюутан солилцоог сэргээж дахин оюутан солилцоо явуулах хүсэлтэй байна. Манай 2 улсын хувьд улаанбуудайн сорт, селекци, үрийн аж ахуйн тал дээр онцгойлон хамтарч ажиллах шаардлага байна. Энэ асуудал дээр ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайд онцгойлон тэмдэглэж хэлсэн гэв. Мөн мал аж ахуй, жимс жимсгэний тариалалт, хотын ногоон байгууламжийн тохижолт зэрэг чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна” гэлээ.
Уулзалтын үр дүнд улаанбуудайн шинэ сорт гаргахад 2 улсын Засгийн газрын түвшинд комисс томилон ажиллуулах, судлаачдыг аспирантурт сургах, залуу халааг бэлтгэх, хамтын ажиллагааг орчин үеийн хандлагад нийцүүлж шинэ шатанд хүргэхэд анхаарч ажиллахаа санал нэгтэйгээр онцлоллоо.
ЧАНАРЫН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА