ХБНГУ-ын ХХХААЯ-ны Парламент дахь төрийн нарийн бичгийн дарга Ханс-Йоахим Фухтел манай улсад айлчилаад буй. Тэрээр өнөөдөр /2019.08.30/ ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүга болон сургуулийн удирдлагуудтай уулзаж сургуулийн эрдэм шинжилгээ, сургалтын талбайд мод тарилаа.
Үүний дараа ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн салбар танхимаар зочилж эрдэмтэн, багш нартай хоёр орны ХАА-н салбарын хамтын ажиллагаа, даяаршлын эрин зуун дахь ХАА-н салбарын шинжлэх ухаан, инновацийн хөгжлийн талаар ярилцаж байр сууриа илэрхийлэн, санал бодлоо солилцлоо.
Тэрээр хэлэхдээ, “Цаг уурын өөрчлөлтийг дагасан байгаль орчны нөхцөл байдалд бидний өмнө олон сорилт тулгарч байна. Үүнийг улс орнууд хамтдаа туулан шийдвэрлэх шаардлагатай болж ирж байна.
Онгон байгаль, өргөн уудам нутаг дэвсгэр, нүүдлийн ахуйгаа авч үлдэж буй Монгол Улсад органик ХАА-г тогтвортой хөгжүүлэх боломж, бололцоо их байна. Энд хоёр улс хамтарч ажиллаж байгаад баяртай байна” гээд хамтын ажиллагааны жишээнд "Герман-Монголын тогтвортой хөдөө аж ахуй" төслийг дурдлаа.
Уулзалт дээр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга сургуулийнхаа үйл ажиллагаа, ХАА-н салбарт шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэхэд хийж буй ажил, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулав.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА