61 дэх хичээлийн жилийн нээлтээ хийлээ

Нийтлэгч : .
Огноо: 2019-09-02 16:26:38

ХААИС анх малын эмч, зоотехникч, агрономич гэсэн  гурван мэргэжлээр хөдөө аж ахуйн салбарын дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байсан бол өдгөө таван бүрэлдэхүүн сургууль, дөрвөн хүрээлэн, үйлдвэрлэлийн нэгжүүдтэй, 1000 гаруй багш, эрдэм шинжилгээний ажилтан, 10.000 гаруй оюутантай, дотооддоо төдийгүй олон улсад нэр хүндтэй томоохон их сургууль болж өргөжсөн билээ. Мөн ХААИС-ийн бүрэлдэхүүн таван сургуулийн хоёр нь олон улсад магадлан итгэмжлэгдэж, дэлхийн их, дээд сургуулийн чансаанд эзлэх байраа сүүлийн жилүүдэд 6000  орчим байраар урагшлуулж чадсан нөр их амжилттайгаар 61 дахь хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.

Нээлтэнд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Ц.Байгалмаа, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн, ХААИС-ийн удирдах зөвлөлийн гишүүн Ш.Шинэбаяр, МУ-ын арслан, гавьяат дасгалжуулагч, Ардын багш Л.Сосорбарам, ХААИС-ийн ахмад багш, Монгол улсын хөдөлмөрийн баатар Б.Рагчаа,  ХАА-н эдийн засаг, инноваци хөгжлийн төвийн захирал, академич А.Бакей, ХААН банкны харилцааны менежер Ж.Мөнгөнсувд болон дэд захиралууд, бүрэлдэхүүн сургуулиудын захиралууд оролцлоо.

Нээлтийг ХААИС-ийн захирал Т.Хэрүүга нээж шинээр элсэн орж буй оюутан залуустаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргээд хэзээ ч хаана ч чухал байр сууриа үл алдах-хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн болохоор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийг сонгосонд талархал илэрхийллээ. Мөн “Оюутан та бүхний хүсэл зорилгыг биелүүлэхэд манай сургуулийн эрдмийн хамт олон бид бүхий л талаар дэмжин тусалж, чин сэтгэлээсээ ажиллана гэдгээ хичээлийн шинэ жил бүрийн эхний өдөр би амалдаг. Энэ удаа ч энэхүү амлалтаа чангахан хэлэхийг хүсэж байна. Энэхүү амлалт минйи хувьд, ХААИС-ийн эрдэмтэн багш, профессоруудынхаа өмнөөс амлаж буй хамгийн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй амлалт байсаар байх болно” гэлээ.    

Нээлтийн үеэр Агроэкологийн сургуулийн ахлах багш Ч.Оюуныг “Алтан гадас” одонгоор,  Барилга, хот байгуулалтын яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр мужаан Д.Уламбаяр нарыг шагналаа.

Инженер технологийн сургуулийн багш Н.Золбоо, Л.Лхагвасүрэн нарт Техникийн ухааны доктор, Агроэкологийн сургуулийн багш Н.Дамбадаржаад ХАА-н ухааны доктор, ЭЗБС-ийн тэнхмийн туслах ажилтан  Б.Гантөмөрт Бизнесийн удирдлагын магистрийн зэргийг тус тус олголоо.

ХААИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэгийг улсын болон олон улсын чанартай мэргэ жлийн олимпиад, оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байр эзэлсэн, сургууль, олон нийтийн ажилд идэвх санаачлагатай оролцдог, бакалаврын сургалтын гэрээг зөрчөөгүй, дараалж дөрвөн удаа Захирлын нэрэмжит батламж авсан оюутнуудад олгодог билээ. Энэ удаад МЭС-ийн мал эмнэл зүйн 4-р курсын оюутан Б.Нандин-Эрдэнэ,  МААБС-ийн Агнуур зүйн 4-р курсын оюутан Ө.Тэмүүлэн, ИТС-ийн Цахилгаан хангамжын 4-р курсын оюутан М.Дулмаа, Агроэкологийн сургуулийн Газрын кадастрын  2-р курсын оюутан Л.Бямбасүрэн, ЭЗБС-ийн нягтлан бодох бүртгэлийн 4-р курсын оюутан Б.Батхишиг, Бизнесийн эдийн засгийн 4-р курсын оюутан Д.Сугар нарын төлөөлөлд олгосон юм.

ХААИС-д 2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэж, сурлагын болон спортын амжилт гаргасан МЭС-ийн Малын их эмч ангийн оюутан О.Солонго, МААБС-ийн Зоо инженер технологийн оюутан Б.Пүрэвдорж, ИТС-ийн Цахилгаан хангамж ангийн оюутан Б.Сүхбат, АЭС-ийн Газрын кадастр, зураглал ангийн оюутан С.Цогбадрах, ЭЗБС-ийн Бизнесийн эдийн засаг ангийн оюутан Г.Билгүүнтөгс нарт захирлын нэрэмжит бэлгийг гардуулсан.   

Нээлтийн үеэр Хатантуул хамтлаг болон, ХААИС-ийн авьяаслаг оюутан залуус ая дуугаа өргөж, шинээр элсэн суралцаж буй дүү нартаа амжилт хүссэн юм.