Европын холбооны Erasmus + хөтөлбөрийн санхүүжилтээр “Establishment of Leather Hubs in Russia and Mongolia” буюу “Арьс ширний сургалт, судалгаа инновацийн төв байгуулах” төсөл 2019 оны 01 сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байна.
Энэхүү төсөл нь Erasmus + хөтөлбөрийн Категори 2 буюу «Capacity building in Higher Education»"Дээд боловсролын чадавхийг бэхжүүлэх" чиглэлд хамаарна.
“Арьс ширний сургалт, судалгаа инновацийн төв байгуулах” төслийн ерөнхий зохицуулагчаар Туркийн ЭГЭ их сургууль ажиллах ба Итали, Грек, Польш, Румын болон Латви улсын арьс ширний төвүүд зөвлөх үүрэгтэй оролцох юм.
Төсөл хэрэгжүүлэх байгууллагууд нь Монгол улсын ХААИС, ШУТИС ба Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо ОХУ-ын Улан Үдэ хотын Дорнод Сибрийн технологи удирдлагын их сургууль, Бурядын ХАА-н Академи болон Худалдаа аж үйлдвэрийн танхим байна.
Төслийн зорилго нь арьс ширний салбарын R&D буюу судалгаа хөгжүүлэлтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, инноваци дамжуулах замаар үйлдвэр болон их дээд сургуулиудын хооронд гүүр болоход оршино.
Төслийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд Монгол улсад -2, ОХУ-д 2, нийт 4 сургалт, судалгаа – инновацийн төв LeatHub байгуулна. “LeatHub” –төвийн үүрэг нь:
- Насан туршийн боловсрол олгох сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх;
- Сургалт явуулах;
- Судалгаа боловсруулалтын ажлын үр дүн нэвтрүүлэлтийг дэмжих;
- Европын их сургууль, судалгааны хүрээлэнгээс дэвшилтэт технологи, дахин инженерчлэл, инноваци, мэдлэгийг дамжуулах;
- Сургууль, орон нутгийн үйлдвэр хоорондын зохицуулагч бүс нутгийн өртгийн сүлжээ бий болгох ажлыг дэмжих, ур чадварыг дээшлүүлэх, технологи дамжуулах;
- Орон нутгийн этгээдийг олон улсын зах зээлд гаргах үйл ажиллагааг зохицуулагч глобал өртгийн сүлжээг бий болгох ажлыг дэмжих юм.
“LeatHub” төвөөр дамжуулан Европын орны түншлэгчдээс туршлагыг нэвтрүүлэх ажлыг зайн болон ганцаарчилсан сургалтын аргаар хэрэгжүүлж, web- conference хийх замаар харилцана. “LeatHub” төв нь шаардлагатай тоног төхөөрөмжүүд, европын орны эрдэмтэн, судлаачдын инноваци, бизнесийн туршлагын талаархи мэдээллийн сан, веб платформоор хангагдана. Веб платформ нь олон нийтэд нээлттэй байх ба веб хуудаст хандан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлнэ.
Мэдээ бэлтгэсэн : БСХҮТ, багш доктор Ph.D Б.Итгэл