ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Сүхтулга 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Агроэкологи, бизнесийн сургууль дээр ажиллаа. Тус сургуулийн оюутнуудад интерншип хөтөлбөрийн талаар танилцуулга хийсэн бөгөөд тус сургуулийн эрдэм шинжилгээний албаны дарга Д.Нандинцэцэгийн хамт шалгаруулалтанд оролцсон оюутан бүртэй англи хэл дээр ярилцлага хийж 2019-2020 оны хичээлийн жилд интерншип хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг сонгон шалгарууллаа.
Агроэкологи, бизнесийн сургуулийн оюутан Г.Санчир, Н.Баярлах, Г.Мөнгөнсүх, Э.Зориг, П.Отгонбаяр, Б.Төрболд нар Израйль улсад интерншип хөтөлбөрт 2019-2020 оны хичээлийн жилд хамрагдахаар шалгарлаа.
“Агростадис” интерншип хөтөлбөрийн мэдээлэл:
Тус дадлагажигч хөтөлбөр нь Израйль улсад 11 сар ажиллаж, суралцах хөтөлбөр юм. “Агростадис” байгууллага нь Израйл улсын 42 фермийн холбоог нэгтгэсэн, сургалт, үйлдвэрлэлийн дадлагажигч оюутан хөтөлбөр зохион байгуулдаг Засгийн газрын оролцоотой агентлаг юм.
Оюутнууд тус хөтөлбөрт хамрагдан суралцаж, ажиллах хугацаандаа орчин цагийн фермийн аж ахуйг эрхлэх ухаанд суралцаж, фермер болохын тулд ямар байдлаар, хэрхэн ажиллах талаарх онолын мэдлэгээ практик дээр дадлагажин суралцах боломжтой. 14 жилийн хугацаанд хэрэгжүүлж буй тус хөтөлбөрт энэ жил 17 улсын 1600 гаруй оюутан дадлага хийх юм байна.
Ази тивээс зургаан улс оролцож байгаагийн нэг нь Монгол Улс бөгөөд 2018 оноос хамгийн анхны оюутан-дадлагажигчийг ХААИС-иас сонгохоор шийдвэрлэсний дагуу Агроэкологи, Инженер технологи болон Агроэкологи, бизнесийн зэрэг бүрэлдэхүүний сургуулиас нийт 21 оюутан англи хэлний болон болон мэргэжлийн чиглэлийн шалгуурыг ханган хамрагдаж Израйль улсыг зориод байна.
Гадаад хамтын ажиллагааны хэлтэс