Франц улсын Агрокампус Уэст их сургууль, Испани, Румын улс, Монголоос ХААИС, МУИС, ШУТИС хамтран “Монгол улсын хөдөө аж ахуйн цахим сургалтыг дэмжих” төсөл өнгөрсөн намраас хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд ХААИС-ийн ЭЗБС дээр цахим сургалтын төв нээгдлээ. Нээлтийн ёслолд ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, Эдийн засаг хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Батчулуун, бүрэлдэхүүн сургуулиудын удирдлагууд мөн МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг нар оролцлоо.
Монгол улсын дээд боловсролын салбарын шинэчлэл өөрчлөлтөнд хувь нэмэр оруулах, Оюутнуудад хувийн секторийн хүсэж байгаа мэдлэг чадварыг олгож, хөдөлмөрийн зах зээлд хөгжих суурийг тавьж өгөх, Интерактив цахим сургалтыг дэмжиж сургалт, заах арга зүйн шинэлэг хэлбэрүүдийг хэрэгжүүлэн практик дадал болгон хөгжүүлэх зорилгоор 850 мянган еврогийн санхүүжилттэй хэрэгжүүлж буй төсөл юм.
Төслийн явцад Агро-Бизнесийн Магистрын хөтөлбөрт хосолсон онлайн сургалтыг нэвтрүүлэх, агро-бизнесийн entrepreneurs бэлтгэж эхлэх, цахим сургалтын төв байгуулж, цахим хичээлийн хөтөлбөр, хичээлийн материал боловсруулах, сургалтын цахим программ нээх, агро бизнес, хүнс, ХАА-н хичээл сургалтууд, богино хугацааны багш солилцооны харилцан туршлага судлах, суралцах хөтөлбөр хэрэгжүүлэх, Төгсөгчидтэй ажиллах, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийх, үйлдвэрлэлийн богино хугацааны дадлага, хүлэмжийн тариалалтын сургалтууд, лабораторийн практик сургалтууд, нарны эрчим хүчний панельтай хүлэмж байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх юм байна.
МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг цхаим сургалтын төв байгуулагдсанд баяр хүргээд “Уг цахим сургалтын талаар Франц улс руу гурван сургуулийн төлөөлөгчид, төслийг гардан хийх мэргэжилтнүүд маань туршлага судлаад ирсэн. Үүний үр дүнд ХААИС дээр цахим сургалтын төв ашиглалтанд орж байгаа нь бусад сургуулиудад жишиг болохоор төв болж байна. Бидний дараагийн зорилго бол цахим хичээлээр контент бэлдэх, цахим хичээлийг амьдралд оруулах баг бүрдүүлэх ёстой. Мөн 3 их сургуулийн хооронд дахь хичээлийн кредит солилцоо хийх гээд томоохон ажлууд байгаа. Тийм ч учраас манай 3 сургууль нэг бодолтой, нэг сэтгэлтэй, нэг зүг рүү харж ажиллах ёстой. Монголд цахим сургалтыг хэрэгжүүлэхэд манай 3 сургууль түүчээлж явах болно” гэлээ.
Уг цахим сургалтын төвд долоо хоног бүрийн лхагва гаригт цахим сургалт гэж юу вэ, контент боловсруулалтанд юуг анхаарах вэ зэрэг хичээлүүдийг зааж эхлэнэ гэсэн. Удахгүй нээлттэй зарлан сонирхсон багш ажилчид суралцаж болох юм байна.
ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ