“Чиний боловсрол-Монголын ирээдүй” уулзалтад ХААИС-ийн оюутанууд оролцлоо

Нийтлэгч : .
Огноо: 2019-11-01 09:25:01

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх их, дээд сургуулиудын манлайлагч шилдэг оюутнуудтай “Чиний боловсрол-Монголын ирээдүй” чөлөөт уулзалт ярилцлагыг өчигдөр /2019.10.31/ Соёлын Төв өргөөнд хийлээ.

Энэхүү уулзалтад БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шилдэг 20 их, дээд сургуулийн оюутнуудын төлөөлөл, их дээд сургуулиудын удирдлага, Боловсролын салбарын төрийн захиргааны байгууллагуудын удирдлага болон тус салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм. 

2019 оны хичээлийн шинэ жилийн тоон дүн мэдээгээр Улаанбаатар хотод 210.000 орчим оюутан залуус суралцаж байна. Монгол Улсын ирээдүй болсон оюутан залуучуудтай бодит харилцааг үүсгэж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс боловсролын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах, тэдний эрх ашиг, хүсэл эрмэлзэлд тулгуурласан санал, санаачлагыг төрийн бодлогод тусгах, оюутан залуучуудын сурч боловсрох нөхцлийг нэмэгдүүлэх энэхүү уулзалтын зорилго оршиж байгаа гэнэ.

Арга хэмжээний эхэнд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар их, дээд сургуулиудын орчин үеийн шинжлэх ухааны оргил бүтээлүүдийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Оюутнууд юу хийж бүтээж чадахаа харуулсан тус үзэсгэлэнд 15 их, дээд сургуулийн оюутнууд 70 гаруй бүтээл дэлгэсэн байна.

Мөн оюутнууд энэ үеэр бусад оюутнуудын бүтээлүүдтэй танилцахаас гадна Монгол Улсын Засгийн газартай хамтран ажилладаг 34 улсын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл авч, БСШУСЯ-ны харьяа “Боловсролын зээлийн сан Оюутны хөгжлийн зээл”-ийг газар дээр нь олгох үйлчилгээг авлаа. 

“Чиний боловсрол-Монголын ирээдүй” чөлөөт уулзалтад МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оюутан залуучуудтай бодит харилцааг үүсгэж, Засгийн газрын зүгээс боловсролын талаар хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулсан юм. Тэрээр илтгэлийнхээ эхэнд оюутан залууст “Хүн байна гэдэг ёс суртахуунтай байхыг хэлдэг гэж би боддог. Боловсролтой байх хэрэгтэй, ёс суртахуунтай байх ёстой, мэргэжилтэй байх ёстой. Хүнийг хайрладаг нандин, сайхан сэтгэлийг бие сэтгэлдээ шингээсэн байх ёстой” гэхчилэн улс эх орноо хөгжүүлэх зүрх сэтгэлтэй зөв явахын чухлыг онцлон захиж, хөгжлийн талаар үзэл бодлоо хуваалцсан юм.