“Монгол орны мал, амьтдын паразитын ангилал зүйн нэгдсэн атлас” шинээр төрлөө

Нийтлэгч : .
Огноо: 2019-11-04 16:48:11

Монгол орон таван төрлийн 60 гаруй сая толгой малтай, олон төрөл зүйлийн зэрлэг ан амьтнаар баялаг. Тиймээс хүн, мал, амьтны биед шимэгчлэгч төрөл бүрийн паразитуудыг таньж тодорхойлох нь паразит судлалын шинжлэх ухааны  чухал асуудлын нэг юм. Тиймээс шинжлэх ухаанд төдийгүй хөдөө аж ахуй, эрүүл мэнд гээд олон салбарт чухал хувь нэмэр оруулах “Монгол орны мал, амьтдын паразитын ангилал зүйн нэгдсэн атлас”-ыг ХААИС-ийн Магистр, докторын сургуулийн захирал, малын их эмч Б.Баттөр, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, малын их эмч Б.Батцэцэг, Малын их эмч Н.Дамбий нар бүтээн олны хүртээл болгожээ.  

 Номын зохиогчид шинэ бүтээлийнхээ талаар “Мал эмнэлгийн паразит судлалын салбарт паразит, шимэгчдийн ангилал зүйг ашиглан тэдгээрийн төрөл, зүйлийг зөв тодорхойлж чадваас тухайн зүйл паразитын улмаас мал аж ахуй, байгаль экологид үзүүлэх хор хөнөөл, үүсгэх өвчин тэдгээрийн биологи, экологи, эзэн амьтад, халдварлалт, тархалтын судалгааг нарийвчлан тогтоож тэдгээртэй тэмцэх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах, урьдчилан сэргийлэх, эмчлэх аргыг зөв оновчтой зохион байгуулах боломж бүрддэг” хэмээн онцолж байна.  

“Монгол орны мал, амьтдын паразитын ангилал зүйн нэгдсэн атлас”-д Монгол орны адуу, үхэр, сарлаг, тэмээ, хонь, ямаа, илжиг, цаа буга, гахай, нохой, муур, туулай, зарим төрлийн шувуу зэрэг мал, гэрийн тэжээмэл болон зэрлэг амьтан тэдгээрт шимэгчлэгч 8 хүрээ, 12 анги, 32 баг, 126 овог, 184 төрөл, 384 зүйлийн паразитын тодорхойлолт, ангилал зүйг багтаажээ. Тэдний дотор Монголын болон Төв Азийн эндемик зүйл, Монголд төдийгүй дэлхийд шинээр бүртгэгдсэн зүйлүүд ч орсон байна.

Энэхүү номыг “Эгэл биетэн”, “Хавтгай соруулт шимэгч хорхой”, “Туузан хорхой”, “Дугариг хорхой”, “Үе хөлтөн” гэж бүлэглэн паразитуудын төрөл, зүйлийн бүрэлдэхүүнийг хүрээ, анги, баг, овог, төрөл, зүйл гэсэн ангилал зүйн нийтлэг дарааллын дагуу бичиж өмнөх ангилал зүйд тодорхойгүй байсан болон нэг мөр болоогүй байсан зүйлүүдийг олон улсын нийтлэг ангиллын дагуу болгосон нь биологи, мал эмнэлэг, анагаах ухааны салбарын судлаач, мэргэжилтнүүд ангилал зүйн өөр өөр нэршил хэрэглэх, ангилал зүйн алдаа гаргахаас зайлсхийх боломж олгож нэр томьёо, ангилал зүй, нэршилийн асуудлыг нэг мөр болгож өгсөнөөрөө шинжлэх ухааны чухал ач холбогдолтой болсонд энэ чиглэлийн эрдэмтэн судлаачид талархан дурдаж байлаа. 

 

Монгол орны шимэгч судлаачид шинээр илрүүлэн дэлхийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн шинжлэх ухааны нээлтийн чанартай бүтээлүүдийг энэхүү номд эх монгол хэл дээрээ нэгтгэн оруулж нийтийн хүртээл болгож буй нь залуу судлаачид ахмад судлаачдынхаа бүтээлээр бахархах, тэднээс суралцахад үнэтэй хувь нэмэр оруулах сайн талтай.

Түүгээр ч зогсохгүй тухайн зүйл паразитын тодорхойлолтыг латин нэршил, анх шинжлэх ухаанд бүртгүүлсэн хүний нэр, бүртгэлд оруулсан он, нийтлэг болон монгол нэршил, Монголд анх тэмдэглэсэн тухай мэдээлэл, тухайн зүйлийн хэлбэр зүй, гадаад шинж төрхийн тодорхойлолт, үржил хөгжлийн онцлогийн товч мэдээлэл, тархалт, эзэн амьтны хүрээ, эзэн амьтанд шимэгчлэх байрлал, хор хөнөөл гэсэн дарааллаар нэлээд дэлгэрэнгүй оруулсан нь мэргэжлийн судлаач төдийгүй сонирхон уншигчдад аль болох хялбар ойлгогдохоор болжээ.  

МАЛ ЭМНЭЛГИЙН ХҮРЭЭЛЭН

МАГИСТР, ДОКТОРЫН СУРГУУЛЬ