“LEATHUB” төслийн багийнхны 2 дахь уулзалт Туркийн Измирт боллоо.

Нийтлэгч : .
Огноо: 2019-11-06 13:23:50

ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль дээр Эразмус + Дээд боловсролын чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн санхүүжилттэй “LEATHUB” төсөл 2019 оны 01 сарын 15-наас хэрэгжиж байгаа билээ. Төслийн гол зорилго нь дээд боловсролын байгууллагууд, их дээд сургуулиудын инновацийн чадавхыг хөгжүүлэх, Монгол ба Оросын арьс ширний үйлдвэрлэлийн салбарт технологи дамжуулалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг нэвтрүүлэх, R&D зуучлалын үүрэг гүйцэтгэхэд оршино. Төслийн зорилгод хүрэхийн тулд Орос, Монголын дөрвөн их сургуульд сургалт, судалгаа ба инновацийн  “LEATHUB” төв тус тус байгуулна. “LEATHUB” төвүүд нь Европын холбооны улс орнуудад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй орчин үеийн шинжилгээ, туршилтын төхөөрөмжөөр тоноглогдож, сургалт, судалгаа ба инновацийн онлайн платформ, мэргэжлийн сэтгүүл, зохицуулалтын баримт бичигээр хангагдах юм. 

Төслийн эхний уулзалт 2019 оны 3 сарын 11-12-ны өдрүүдэд Грекийн Афин хотод зохиогдсон ба 2 дахь уулзалт энэ 10 сарын 9-13–ны өдрүүдэд Туркийн Измир хотод боллоо. Монголын талаас ХААИС-иас Б.Итгэл доктор, дэд профессор, А.Гоомарал доктор, Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны захирал Т.Баярсайхан, зохицуулагч З.Энхжаргал доктор, ШУТИС-иас Л.Удвал профессор, Б.Цацрал доктор нар оролцлоо.  

Уулзалтыг “ЭГЭ” их сургуулийн олон улсын Арьс Ширний Инженерчлэлийн V Конгрессийн хуралтай давхцуулан зохион байгуулсан нь өндөр ач холбогдолтой болов. Төслийн багийнхан   Олон улсын хурлын нээлтийн үйл ажиллагааг Эгэ их сругуулийн ректор доктор, профессор Necdet BUDAK, Арьс ширний инженерчлэлийн сургуулийн захирал, доктор, профессор  Behzat Oral Bitlisli, инженерийн сургуулийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Hasan YILDIZ нар нээж нийтдээ 30 гаруй илтгэл хэлэлцүүлсэн. Хуралд доктор Б. Итгэл, доктор А. Гоомарал “Comparison study of advanced technologies in liming with substitution of wasserglass on cowhides” сэдэвт илтгэл хэлэлцүүлж оролцов. Эрасмус + хөтөлбөрийн “LeatHub” төслийн багийн хоёрдугаар уулзалтын үеэр Туркийн ЭГЭ Их Сургуулийн профессор Мехмет Метте Мюлле төслийн ажлын санхүүжилтийн тайлан тависан ба Санхүүгийн аудитыг Туркийн магадлан итгэмжлэгдсэн аудитаар гүйцэтгүүлэх тухай шийдвэр танилцуулав. Мөн лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах үйл ажиллагааны хугацаа тохиролцож, Шинжлэх ухааны хороо-Sience Committee (SC) байгуулав. Хөдөө аж ахуйн их сургуулийн төслийн багаас А. Гоомаралыг Эрасмус + хөтөлбөрийн Шинжлэх ухааны хорооны гишүүнээр сонгов. Мөн төсөл хэрэгжүүлэгч ОХУ ба Монгол, төслийн түнш орнууд Итали, Грек, Польш, Румын болон Литовийн хамтрагч байгууллагууд өөрийн хариуцсан ажлын үр дүнгээ дэлгэрэнгүй танилцуулж, асуултанд хариулж, тайлбар хийв.  Дараагийн уулзалтыг Италийн Писа, Санта Кроче хотод 2020 оны 03 сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтлоо. 

Мэдээ бэлтгэсэн: ХААИС-ын төслийн зохицуулагч, доктор Б.Итгэл, төслийн судлаач доктор А. Гоомарал