БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль дээр хэрэгжүүлэх “Монгол улсын мал эмнэлгийн чадавхийг сайжруулах, клиник барих” төсөлд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийн корпорацийн дэд ерөнхийлөгч И Жон Ок нар гарын үсэг зурлаа.
Уг төслийг БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны ХАА-г хөгжүүлэх гадаадын хамтарсан төсөл хэрэгжүүлэгч Солонгосын хөдөөгийн хөгжлийн корпораци, Монгол улсын Сангийн яам, ХХААХҮЯ болон ХААИС дээр хэрэгжүүлэх нийт 4.0 сая ам.долларын санхүүжилттэй 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр тусгажээ.
Шинээр баригдах мал эмнэлгийн клиник нь зоорийн давхартайгаа нийлээд 3 давхар 950м2 талбайтай байх бөгөөд 40 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэх юм. Мөн мэргэжлийн боловсон хүчин, судлаачдыг чадавхжуулах, богино, дунд хугацааны сургалтыг дотооддоо болон БНСУ-д зохион байгуулах боломжтой болж байна.
Хоёр орны засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй уг төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого зэрэг баримт бичигт тусгагдсан мал, амьтны халдварт өвчний тандалт, оношлогоог шинэ шатанд гаргах, хяналт үйлчилгээний технологид олон улсын стандартыг нэвтрүүлэн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн төслийн багынхан онцолж байлаа.
МАЛ ЭМНЭЛГИЙН СУРГУУЛЬ